sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ.
 
Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
 
Үндсэн хуулийн 51 зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” хэмээн заажээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
 
Иймд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтээр Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн аж. Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг