sonin.mn

Гурван гийгүүлэгч 

Гийгүүлэгч- Сэржээ /Гадаадад суугаа Монголчуудыг төлөөлнө/
 
Өвлийн өвгөн, цасан охид, ууттай бэлэг...гээд л шинэ жилийн баяр хүн бүрт нандин дурсамж үлдээдэг шүү дээ. Би ч гэсэн энэ баярыг яг л жаахан охин шиг тэсэн ядан хүлээдэг юм. Тиймээс өөрийн бяцхан охиндоо ч гэгээлэг сайхан дурсамж үлдээхийг юу юунаас илүү хүсдэг билээ. 
 
Манай гэр бүлийн хувьд шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр байдаг. Иймээс гэр бүлийнхэндээ мартагдашгүй сайхан дурсамж үлдээхийг чухалчилдаг болохоор баярын ширээ, гоёлын даашинз гэх мэт зүйлүүдэд бараг л зардал гардаггүй гэхэд болно. Гэхдээ энэ нь хямд зардлаар баяраа тэмдэглэнэ гэсэн үг биш л дээ. Мэдээж тийм боломж байдаг бол хичнээн сайхан. Гэвч зарим жилүүдэд нилээдгүй өндөр зардал гарах нь ч бий. 
 
Өнгөрсөн жилийн хувьд найзуудтайгаа хамтраад хотоос зайдуу хувийн байшин түрээслэж, шинэ оноо угтсан юм. Айл бүр бяцхан тоглолт бэлдэж, хүүхдүүд дуу шүлэг уншаад л, ан амьтдын дүр бүтээгээд л... Хичнээн өхөөрдмөөр байсан гээч. Мөн хөгжөөнт өрсөлдөөнт тоглоомтой, жинхэнэ өвлийн өвгөн ирээгүй ч нэг нэгэндээ бэлдсэн бэлэгтэй, хүн бүхэн баярын гоёлоо өмсчихсөн яг л бидний хүсдэг тэр л сайхан дурсамжаар дүүрэн шинэ жилээ бид угтсан. . Өнгөрсөн жил бид шинэ оноо хэзээ ч мартагдахааргүй сайхан угтсан ч санасныг бодоход бага зардал гаргасан.  
 
Үүнд: 
Байр түрээсийн мөнгө-200,000
Хүнсний зардал – 200,000
Унааны зардал – 100,000. Нийт 500,000 вон болсон бөгөөд айл бүрээс 100,000 буюу 1 хүний зардал 50,000 төгрөг зарцуулсан юм. Энэ нь яг үнэндээ гайгүйхэн ресторанд нэг удаа хоол идэх мөнгө шүү дээ. Тиймээс та бүхэн ч гэсэн өөрийн дотны найзуудтайгаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт зардлаа хувааж төлөөд шинэ жилээ угтаж болох юм. 
 
Энэ жилийн төлөвлөгөөгөө бид бараг өнгөрсөн өвөл гаргачихсан гэхэд болно. Шинэ жилийн баярыг цасгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Гэтэл бидний амьдардаг газар өвөлдөө бараг цас ордоггүй. Цас орсон ч бараг л газарт унахаасаа өмнө хайлчихдаг. Тийм болохоор  бид цанын баазын дэргэдэх амралтын газар шинэ жилээ угтахаар төлөвлөөд байгаа. Энэ жилийн баярын зардлын төлөвлөгөөнөөс хуваалцвал: 
 
Цанын бааз /бүх зүйл нь ороод 2 хоног/ –150,000 {1хүний}
Амралтын байр /2хоног/ – 200,000
Хүнсний зардал –200,000 
Унааны зардал – 50,000. Нэг хүний зардлыг 200,0000 мянгад багтана хэмээн тооцоолж байгаа нь өнгөрсөн жилийнхээс хавьгүй өндөр юм. Гэсэн ч бид жилийн өмнө баярын төлөвлөгөөгөө гаргачихсан тул  10,11,12 сард баярт зориулах зардлаа  гурав хувааж хадгалсан. Иймээс гэнэт нэг өдөр өндөр зардал гарахгүй сайн талтай юм. Нэг үгээр хэлбэл баярын “хямралд” өртөхгүйгээр шинэ оноо угтаж чадна гэсэн үг шүү дээ. 
 
Ер нь тэгээд баярт зориулсан зардал их бага гарах нь гэж санаа зовохдоо биш. Баяраа хэрхэн тэмдэглэж, хэдэн төгрөгний зардал гаргахаа урьдчилан шийдээд тэр мөнгөө бага багаар цуглуулах нь миний хувьд баярыг хямралгүй давах арга гэж боддог.
 
 Төлөвлөөгүй байх тусмаа зардал өндөр гардаг бөгөөд  үүнийг дагаад гэр бүлийн санхүү ч хямардаг. Тиймээс та яг одоо шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөгөө гаргаарай. Эртхэн төлөвлөх тусам гэр бүлийн баяр тань хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн болж, зардал мөнгөө ч зохицуулах боломж олгоно шүү дээ. 
Танд нэг зүйлийг хэлэхэд та миний аргыг хэрэгжүүлж эхлэхэд одоо ч оройтоогүй байна. Учир нь биднийг тун удахгүй цагаан сарын баяр хүлээж байна.  Тийм болохоор та юун түрүүнд шинэ жилийнхээ, дараа нь цагаан сарынхаа баярт зориулж, мөнгөө хувааж хуримтлуулаарай. Танд амжилт хүсье. 
 
Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/ 
Шинэ жилийн баяр гэсэн энэ үгийг хэлэхэд л алим мандарины үнэ хамар сэтлэх шиг л ханхийдэг юм. Цагаан сахалтай цэнхэр дээлтэй өвлийн өвгөн, цасан охин, ойн амьтадтайгаа зогсож буйг дүрслэх бэлгийн цаасан уут маань биднийг бага байхад тэр дорхноо л урагдчихдаг байлаа. Газраар нэг унасан алим жимсээ увуулж цувуулаад л буцаагаад уутлаад л...онц сурлагатны бэлгээсээ гэрийнхэндээ хувь хүртээх гэж гүйж байсан  хүүхэд насны минь шинэ жил одоо ч нүдэнд харагдаж байна. Бэлэг авдаг байсан би гэдэг хүн одоо бэлэг бэлддэг  болж өвлийн өвөөгийн ар талын нууц хүн болжээ. 
 
Хүүхдүүдийн маань төрсөн өдөр бүгдээрээ 12 сард тохиодог. Том охиных 12 сарын 31-нд болдог учраас хөвгүүдийнхээ төрсөн өдрийг,  шинэ жилийн баяраа ч хамтдаа хийчихдэг юм. Харин хүүхдүүдийнхээ бэлэгний захиалгыг эртхэн авчихдаг учраас, бяцхан мөнгө цалин бүрээсээ бага багаар далд хийдэг. Бэлэг авахад энэ нь их хэрэг болно. 
 
/Би Голомт банкинд Уян хадгаламжтай. Өмнө нь нэг бус удаа мөнгө хэрэг болох үед би  хадгаламжаа цуцалж байсан. Ингээд мөнгө авчихаар хугацаа нь цуцлагдаж, хүү нь бодогддоггүйг та ч бас мэдэж байгаа байх. Харин энэ хадгаламж нь хэрэгцээтэй мөнгөө авахад цаана нь үлдсэн мөнгөнд хүү нь бодогдож хугацаа нь хүчинтэй хэвээр  үлддэг юм. Тйим учраас хадгаламж хийх гэж байгаа бол банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүнээс өөрт тохирохыгоо сонгож байгаарай/ 
 
Охин маань баярын ширээний бялуугаа өөрөө барьчихдаг, хүнсний ногоогоо намар дарчихсан учраас дарсан өргөст хэмх, алаг салат, хүрэн манжин  гэх мэт хачир авахад мөнгө зардаггүй. Намартаа авсан төмс хүнсний ногоогоороо баярын салад энэ тэрийгээ хийчихдэг учраас баярын ширээнд ч тэр бүр зардал гарахгүй. Жимс чихэр, ундаа.. гэх мэтэд л мөнгө зарцуулна.  Гэхдээ ширээ тойрч суугаад,  хоол унд идэж уугаад л баяраа тэмдэглэх нь гунигтай шүү дээ. 
 
Тйимээс бид өмнөх жилүүдэд гэр бүлээрээ хамтдаа мөсөн гулгуурын талбайд гулгаж, салют буудуулан эгч дүүсийнхээ хүүхдүүдтэй нийлж хөгжөөнт тоглоом тоглон, хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзэх гээд .. баяр бүхнээ цоо шинээр угтжээ. Нэгэн найзуудын хэрэгжүүлсэн санааг танд хүргэе. 
 
 
 Гэрийнхээ цонхыг хүүхдүүдтэйгээ хамт чимэглэж, цасан өвгөн, гацуур, үлгэрийн баатрууд зурахыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Танай гэр бүл үнэхээр хөгжилтэй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх болно гэдгийг амлаж байна. Амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ уул руу алхахдаа газарт унасан бяцхан боргойцойнууд түүгээд, түүнийгээ алтан болон мөнгөн бронзоор будаж, гэрээ чимээд зогсохгүй гацуурандаа зүүх шинэхэн тоглоомтой болно гээд... бүтээлч санаагаа жаахан хөгжүүлэхэд яагаад болохгүй гэж.
 
 Саяхан манай ангийнхан шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Хамт олныхоо зургаар бяцхан үзэсгэлэн гаргасан нь их олон хүнд сайхан дурсамжийг нь эргүүлэн сануулсан тул та ч гэсэн найз нөхдийн болоод гэр бүлийнхээ шинэ жилийг хийхдээ эндээс санаа аваарай. 
 
 
 
Мэдээж бүсгүйчүүдэд шинэ жилийн баяр зардал ихтэй шүү дээ. Шинэ жилийн гоёлын даашинзаа найзуудтайгаа хольж солиод өмсчихөд шинэ даашинз авах мөнгө хэмнэнэ. Өмнөх жил өмссөн даашинзаа хэрэгтэй нэгэнд нь прокаталж болно. Нэг үеэ бодвол даашинзны материал гадуур их зарагддаг болсон учраас тренд болж байгаа загвараар өөрийн биед эвтэйхэн аятайхан даашинз оюулчихад болж байна. Хуучин даашинзныхаа загварыг бага зэрэг өөрчлөхөд л танд их мөнгө хэмнээд л өгнө.  Гол нь ээмэг зүүлтээ их гоё сонгочихвол даашинз тань амилаад л ирнэ гэдгийг санаарай. 
 
Баяраар өөр яаж зардлаа хэмнэдэг вэ? гэсэн асуултад найзууд маань youtube-ээс нүүрээ хэрхэн гоё будах, үсээ ч бас энгийн хирнээ дэгжин засах тухай зөвлөгөө үзэхийг санал болгож байна. Тэгээд ч үсээ манжин шиг овоолж, нүүрээ шаазан шиг будахаа больсон энэ үед бас л хэрэгтэй санаа шүү... /Та доорх линкээр орж санаа аваарай/ 
 
https://www.youtube.com/watch?v=QrENDFht0bA
https://www.youtube.com/watch?v=0hgrTzvHzyA
https://www.youtube.com/watch?v=dFDB3n1nWzs
https://www.youtube.com/watch?v=5S-1QGKYxuk
https://www.youtube.com/watch?v=m14f0Y5A7zE
https://www.youtube.com/watch?v=RAL_UgqJhw4
https://www.youtube.com/watch?v=HICzNQWMlPM
 
Гурван гийгүүлэгч: Шинэ жилийн баярын бэлтгэлээ одооноос базааж, хэрэгтэй зардлаа тооцоолон, хамгийн төгс баярын төлөвлөгөөг боловсруулан, гэр бүлийнхэндээ барих бэлгээ өөрийн гараар урлаж өгвөл бид тэр бүр хямрахгүйгээр баярлаж чадах юм. Ер нь яагаад танд баяр ёслолд зарцуулсан тусгай хуримтлал байж болохгүй гэж. Энэ нь таныг гэнэтийн бөөн мөнгөний санхүүгийн дарамтад оруулахгүй сайн талтай юм. Энэ удаад оройтсон бол бидэнд цаана чинь цагаан сар, валетнины баяр, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр гээд зөндөө олон баяр хүлээж байна шүү. Тиймээс өнөөдрөөс бага багаар хуримтлуулаад үзээрэй. Танд дараах инфографик тус болох биз ээ. Танд амжилт хүсье.