sonin.mn
БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын дарга Си Зиньпин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нар пиво уун тухалж байсан шар айрагны газрыг Хятадын нэгэн томоохон компани худалдан авчээ.
 
Английн Бэкингемшир гүнлэгийн Princes Risborough гэдэг газрын ойролцоох  "The Plough" шар айрагны газрыг Хятадын "SinoFortone" компани худалдан авчээ.
2015 оны 10 дугаар сард Си Зиньпин  Англид төрийн айлчлал хийх үеэр Д.Камерон түүнтэй хамт уг газарт тухалж байжээ. "SinoFortone" компани нь шинэ Лондонгийн "Paramount" паркийг байгуулах болон Лондонгийн "Crossrail 2" төмөр замын төсөлд оролцож байгаа юм. Мөн Абу Даби болон Кувейтэд метроны шугам барих ажилд мөн оролцож байгаа ажээ.
 
Хоёр улсын удирдагчид Ерөнхий сайд Д.Камероны Chequers-т байрлах гэрээс гарч хэдхэн минут явах зайд орших “The Plough” шар айрагны газарт зочлон, загас болон амталж шарсан төмс идэж, шар айраг уужээ.
 
“SinoFortone” хөрөнгө оруулалтын компанийн удирдах захирал Петр Занг ярихдаа “Хятадад Английн шар айрагны соёл маш хурдан түгж байгаа бөгөөд "паб" бол өөр өөр улс орнуудын хүмүүсийг холбож, нөхөрлөлийг бий болгох хамгийн шилдэг арга юм” гэжээ.
 
“Christie and Co” гэдэгг үл хөдлөх хөрөнгийн компаниар дамжуулан уг шар айрагны газрыг худалдсан байна. Тус компанийн захирал Нейл Морган ярихдаа “Си Зиньпины айлчлалын дараа уг паб хятад хүмүүсийн дунд ихээхэн алдартай болсон. Айлчлалаас хойш Хятад жуулчдын очих дуртай газар болсон” гэжээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг