sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
 
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн буюу нийт 4 гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн аж. Тиймээс тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэлтийг нээлттэй зарлажээ. Зарын дагуу Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ажиллахаар нийт 8 хүн нэрээ дэвшүүлсэн байна.
 
Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй хэмээн гарсан учир уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг