sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийн өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Байнгын хороо эхлээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.
 
Хуулийн төсөлд хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй байх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг тусгасан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул чуулганы хуралдаанд оруулахаар болов. 
 
Үүний дараа Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
 
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хууль тогтоомжоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч эрхэлж буй үйл ажиллагааны орлого бага, улирлын чанартай болон тогтвортой биш учраас нийгмийн даатгалд тогтмол шимтгэл төлж хамрагдах нь бага байдаг. Иймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг