sonin.mn
Соёлын төв өргөөнд үргэлжилж буй АН-ын VI Их хурлаар хэлэлцэх асуудлын дарааллаа болон хурлын даргалагч, тэргүүлэгчдээ санал хурааж баталлаа. 
 
Өчигдөр хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос Их хурлын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор зарим шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал VI их хурлын даргаар НИТХ-ын дарга асан, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-ын дарга асан С.Одонтуяа, Д.Зоригт, Х.Тэмүүжин зэрэг зургаан төлөөлөгчийг томилох санал гаргасныг Их хурлын төлөөлөгчдийн олонх дэмжиж баталлаа. Мөн Редакцийн комиссийг Л.Нармандах ахалж 9 гишүүнтэйгээр, Тооллогын комиссыг С.Дэмчиг ахалж 21 гишүүнтэйгээр мөн батлав. 
 
Мөн АН-ын дарга З.Энхболд Их хурлын төлөөлөгчдийг бүрэн эрхийг батламжилсны дараа Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга хурлыг даргалж, хэлэлцэх асуудлыг санал хураалгаж баталлаа. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх болов. Үүний дараа АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавилаа. 
 
 
Хурлын эхэнд УИХ-ын дарга асан, АН-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намын хороодын дарга нарт хүндэтгэлийн туг гардуулсан юм. Энэ жил болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-ын нийт 109 намын үүрийн дарга нар хариуцсан дүүрэг, сум хороондоо ялалт байгуулсан аж. 
 
АН-ын VI Их хурал нийт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 12 дугаар сарын 7-ны 18 цагаас өмнө багтааж өндөрлөлүүлэх чиглэл тавиад байгаа юм.  Хурлын эхний өдөр буюу өнөөдөр Ардчилсан намын Шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах бөгөөд Улс төрийн илтгэл, Намын шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх санал шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Харин маргааш Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, санал шүүмжлэл, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. 
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг