sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Энэ үеэр байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Хуулийн төслийг нэр томъёоны хувьд цэгцлэх шаардлагатай” хэмээн үзэж, тус хэлэлцүүлгийг 7 хоногийн хугацаатай хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн. Түүний гаргасан саналаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийн төслийг ирэх 7 хоногт хэлэлцэхээр тогтов.
 
Тухайлбал, тус хуулийн төсөлд тусгасан “Байнга зодох” гэсэн хэллэгийг юу ойлгох вэ гэсэн асуудлыг гишүүдийн зүгээс тодруулж байсан юм. Ажлын хэсгийнхний өгсөн тайлбараар бол, байнга зодох гэдэг нь үргэлжилсэн үйл явц, үүний оронд “Удаа дараа зодох буюу 3 ба түүнээс дээшхи удаад зодсон тохиолдолд эрүү үүсгэнэ” хэмээн оруулж өгөх нь зүйтэй гэсэн тайлбарыг хийж байв.
 
Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “АНУ-ын иргэд хүүхэддээ хатуухан үг хэлэх хориотой байдаг. Тус улсад хүүхдүүд нь эцэг эхээ хуулийн байгууллагад өгдөг тохиолдол нэлээд гардаг. Энэ жишиг уг хуулийн төсөлд орсон байна. Би үүнийг буруу гэж байгаа юм биш.
 
Гэхдээ аливаа асуудлын жин банг нь тааруулах ёстой. Монголын хөрсөн дээр хэрэгжих боломжгүй заалтууд их байна шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Гэр бүлийн хүчирхийллийг Монгол уламжлалт аргаар шийднэ гэж байгааг ойлгохгүй байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ төслийг давхар хэлэлцэх ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Бид өөрийн орны уламжлалыг бодох хэрэгтэй. Монголчууд дээр үеэс уламжилж ирсэн нүүдлийн ёс заншил, хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээрээ тулгуурлаад арай өөр заалт оруулах нь зүйтэй. Тэгэхгүй бол эргээд гэр бүл салах шалтаг болох вий. О.Баасанхүү гишүүний хэлсэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах тал дээр хууль хяналтын байгууллага, олон нийтийн байгууллага анхаарах ёстой. Энэ тал дээр ижил байр суурьтай байна” гэв.
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг