sonin.mn
Манай сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, Зава Дамдин ринбүчийг урьсан юм.
 
Энэхүү эрдэмт хүмүүний номын нэр нь Лувсандаржаа харин сахилын нэр нь Зава Дамдин. Ринбүчийн номын өргөөнд нь ороход бурхан тахил, даруухан мөртлөө сүрлэгхэн сэнтий нь бас дүүрэн ном өрөөстэй ажлын ширээ тэр бүхэн нүдэнд дулаахан харагдсан.
 
Биднийг очиход ринбүчи бийр янтай нийлүүлэн уртаа цаасан дээр монгол бичгээр бүтээлээ туурвин суусан бол шашны том хүнд баймгүй цагаахан зангаар ажил амьдрал, уран бүтээлийнхээ тухай халуун яриа дэлгэсэн юм.
 
ИХ ХҮНИЙ ЭГЭЛХЭН НАМТАР ОРШВОЙ
 
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Монголд эрдэм соёл дэлгэрч мандан бадрахын эхийг тавьсан мэргэдийн тухай судлаачид өгүүлэхдээ тухайн үеийн лам хуврага хүмүүсийн дундаас нэгэн эрхмийг онцгойлон бичиж тэмдэглэсэн байдаг юм билээ. Тэр хүн бол Богд хаант Монгол Улсын цаг дор буюу 1920-оод онд хөдөөгийн нэг хийдээс Их хүрээнд залагдан ирж О.Жамьян, Цэнд гүн, Д.Дашням, Ж.Цэвээнжамсранов нарын эрдэмтэдтэй ном нийлэн ажиллаж өнөөгийн Шинжлэх ухааны академийн эх суурь судар бичгийн хүрээлэнг байгуулалцаж явсан Зава Дамдин гавж болой.
 
Монголын түүхэнд энэ хүнийг их сэтгэгч төдийгүй Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн төгс эзэмшсэн хүн байлаа гэжээ. Тэр цагийн Түшээтхан аймгийн Дайчин Бэйсийн хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт нийтийн тооллын 1867 онд эцэг Шагдарынд нэг хүү мэндэлсэн нь хожмын ухаант хүмүүн Дамдин байжээ.
 
Түүнийг бүр багад нь тэргүүн хуврагууд таньж мэдээд угаал үйлдэн сан тавьж Түвд үсэг заагаад эхэлж. Тэгээд долоон настайдаа Цахиуртын жаст лам болов. Тэндээ гайгүй боловсорсны хойно Их хүрээний гүн ухааны ном судалдаг гол сургууль Гунгаачойлин дацанд шавилан суужээ. Олон сайн багш нарын хүчээр төдөлгүй гавжийн дамжаа барьж гавж болсон гэдэг. Тэрхэн үед XIII далай лам Түвдэнжамц Монголд морилон ирэхэд бараалхан  номын авшиг хүртсэн.
 
Гавж болсны дараа Их хүрээний залуу лам нарт буддын гүн ухаан зааж байжээ. Түүний бурханы ном эрдэм дэлгэрүүлэх их үйлийн гол төв нь өөрийнх нь байгуулсан Дэлгэрийн Чойр хэмээн алдаршиж байсан Дашчойжирлон хийд юм. Тэндээс хожмын Зава Дамдин гэдэг их эрдэмт хүний нэр алдар, эрдмийн хүч нь Монголдоо төдийгүй дэлхийд түгсэн гэдэг. Хаа газрын эрдэмтэд түүнийг зохиол бүтээлээр нь мэддэг болж харилцаа холбоо тогтоож байж.  Зава Дамдин гавж төвд хэлээр 17 боть ном зохиожээ. Зохиолууд нь учир шалтгааны ухаан болон билиг барамидын гүн ухааныг дээдэлсэн байдаг аж. Тэднээс түмэнд түгсэн нэг алдарт бүтээл нь 1931 онд бичиж дуусгасан “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиол. Уг зохиолыг гадаад, дотоодын эрдэмтэд таашаан соёрхож судалсан.
 
Тэднээс олон хүн эрдмийн дээд цол хэргэм хүртсэн бий. Нэгэн удаа VIII Богд Өндөр гэгээн сойвонгоо явуулж Зава Дамдин гуайд хадаг өргөсөн байна. Түүний утга нь гэвэл Зава Дамдин та түүх их ярьдаг, бичиж туурвидаг хүн учир Монголын түүхийг бич хэмээн зарлигдсан байж. Уг зарлигыг ёсоор болгож тэрхүү Хорчойнжун буюу Монголын түүхийн тухай “Алтан дэвтэр” гайхамшигт зохиолыг бичсэн гэдэг юм.
 
Тийм ээ. Эгэлгүй эрдэм чадалтай нэгэн байсныг эрдэмтэн хүмүүс гойд үнэлж байж. Жишээ нь Ганжуур, Даанжуурыг Монголоос нь эргүүлээд санскрит рүү хөрвүүлж чадах хүн бол Зава Дамдин гуай гэж тухайн үеийн мэргэд хоорондоо хэлэлцсэн гэдэг. Бас Энэтхэгийн 500 бандидаагаас нэгийг шилж аваад ир гэвэл Зава л байна гэсэн яриа бий. Хувьсгал мандахын өмнө Ардын намын анхны долоо Богдод бараалхан үйлсээ даатгасан гэх.
 
Тэгэхэд нь Богд хаан “Та нар Гандангийн дэнжид Зава Дамдин гавжид очиж шавь ор. Тэгээд зорьж байгаа үйлсээ даатга хэмээж байсан тухай түүхийн бичээс байдаг аж. Энэ их ухаант хүний эцэг эхээс өгсөн нэр нь Дамдин юм. Харин Зава гэдэг нь эрдэмтэн нөхөд нь хүндлэн хайрласан нэг ёсондоо цол юм л даа.
 
Номын нэр нь бол Лувсандамдин, Лувсандаяан ч гэдэг. Басхүү зохиолууд дотор нь шүүвэл Жамьяанжайвий, Манзуширийг баясгагч, Буяны садан гэсэн олон талын эрдмийг нь үнэлсэн нэрүүд байдаг тухай судлаачид ярьдаг юм билээ.
 
Өөрийнх нь намтарт Ерөнхий сайд А.Амар, Хатанбаатар Магсаржав нарын хүмүүстэй хувийн бөгөөд ном эрдмийн харилцаатай байсан тухай бас бий. Зава Дамдин гэдэг түүхэн хүний тухай товчхон өгүүлэх минь энэ ээ.
 
Харин яагаад тэр ухаант хүмүүний амьдрал төгссөн тухай өгүүлсэнгүй вэ гэвэл өнөө цагт хойд дүр нь тодорч эрдэм чадал, гэгээн үйлсийг нь үргэлжлүүлэн мөнхжүүлж байгаагийн учир юмсан билээ л.
 
ХҮН БОЛОХ БАГААСАА...
 
-Би бүр нэг нас хүрээгүй байх үеээсээ гэр бүлдээ тохиолдсон үйл явдлуудыг санаад байдаг юм даа. Тэр бүхнээ хожим ааваасаа лавлахад яг тийм байсан гэж одоо цагийн Лувсандаржаа буюу Зава Дамдин ринбүчи хэлж байх юм. Аав нь түүнийг балчирт нь тэврээд гадаалуулж явахдаа од, сарыг ялган зааж ухаанд нь шигтгээ болгон өгч байж. Айлын найман хүүхдийн долоо дахь нь өнөр өтгөн айлын өөгүйхэн жаргалд умбаж өссөн байж таардаг аж.
 
Юм бүхэн учир шалтгаантай байдаг гэдгийг түүний амьдралаас бат нот харж болохоор юм шиг. Өвөө нь бурхны номтой аав нь цэргийн хүн байсан ч гэлээ эргэх цагийн элээсийг мэддэг нэгэн байсан болохоор үр хүүхдээ бүгдийг эгэл замаар явуулахгүй гэж санадаг байснаас тэр юм уу бас энэ айлын багачууд учиртай ч юм шиг нааддаг байж.
 
Ах, эгч нар нь бяцхан Д.Осгонбаяр хүүг далай ламаар “өргөмжлөөд” хоймортоо суулгаад л тоглоно.  Тиймээ. Зөгнөл  байж уу гэхээр. Осгонбаяр дунд сургуулийн сурагч байхдаа бурхан тахил судар номд өөриймсөг гэж жигтэйхэн. Өвөөгийнхөө хааяаа уншдаг номыг сонсож байгаад чээжилчихнэ.  Өглөө сургуульдаа явахдаа хүний нүд хариулж байгаад бурхандаа залбирчихаад л гарна. Ийм л байсаар зургадугаар ангиа төгссөн жил нь цаг төр өөр болсон байна.
 
1990 оны зуны нэгэн өдөр аав Н.Дугаржав нь Осгонбаярыг дүү Билгүүнтэй нь дагуулан аянд мордсон гэдэг. Тэр нь ном эрдмийн аян байж. Гурвуул Дархан хот ороод цааш дан явган явсаар  гурав хоноод Амарбаясгалантын хийдэд очсон байна. Ингэснээр аавын санаа, хүүгийн хүсэл хоёр нийлж лам болсон ойрхны түүхийг Лувсандаржаа ламтан Зава Дамдин ринбүчи дурсан дурсан ярьж байх юм.
 
Удамт хүний үр, сүүтэй гүүний унага гэсэн үг бий. Энэ мэргэн үгийн утга учрыг тайлах мэт домог мэт зүйл бас ярьсан нь анхаарахгүй байхын аргагүй байлаа. Энэ цагийн Зава Дамдин ринбүчигийн аав Н.Дугаржав, ижий Ж.Гүндэгмаа нар нь Сүхбаатар аймгийн Мөнххааны уугуул хүмүүс гэнэ. Аавын талын дөрвөн ах нь мундаг лам хуваргууд байж. Илүү алдартай нь хошуу даасан зурхайч хүн байсан гэх.
 
Тэгвэл ижийнх талд үлгэр домог шиг хүчтэй чадалтай хүмүүс байсныг хэлэх юм билээ. Буянтоо нэрээр алдаршсан арван хошуу даншиг наадмын аварга Буянтогтох нэг өвөг нь. Бас л үлгэр шиг хүн байсан нь эмээ нь. Их уран төдийгүй эмэгтэй хүнд ахадсан бярлаг хүн байж. Нэг удаа айлын ормол догшин буур хотонд нь хүрч ирэхэд зогдроос нь атгаад татаж унагаад хүлчихэж байсан тухай домог мэт яриа сонслоо. Хүний удам гэдэг тухай амьдралын луужин хэмээх нь бий.
 
Тийм болохоор сонирхохоос аргагүй л санагдах юм билээ.
 
АМАРБАЯСГАЛАНТААС ХӨЛЖСӨН ИХ УХААН
 
Ринбүчийд номтой нөхөрлөөгүй өдөр, цаг нэн ховор.
 
С.Осгонбаяр Амарбаясгалант хийдийг сэргээн төвхнүүлсэн хэдэн өвгөн лам нараас чамгүйг сурсны ачаар ердөө хоёр сар болоод л сахил хүртэж лам болж. Уг хийдийн залуу лам нарын анхных нь ажээ. Нэг онцгой явдал 1991 онд Монгол ринбүчий буюу Гүрүдэва их ламтан Амарбаясгалантад залран очсон нь байлаа. Залуу лам Осгонбаяр түүнд шавь орсноор их эрдмээс нь мэдэрч, мэдэж эхлэв.
 
Удалгүй тэр багшийнхаа дэмжлэгээр (1996 онд) Швейцарт Равданчойлон хэмээх бурхан шашны дээд сургуульд явжээ. Тэнд буддын гүн ухааны эрдмийг нэвт эзэмшсэн олон мундаг багш нараар ихийг заалгаж. Суралцагчид нь дандаа дээд сургууль дүүргэсэн хүмүүс байсан болохоор Д.Осгонбаярт сүрдмээр юм шиг байсан ч тэр хүмүүсийн долоон жил суралцсан программыг ердөө гурван жилд үзэж дуусгажээ. Шалгалтаа өгөхдөө 500 хуудас номыг нэгд нэггүй чээжилснээрээ багш нараа, бусдаа гайхшруулсан нь содон байсан гэх юм билээ.
 
Ингээд л 17-18 настайдаа Монголын их хөлгөн судрууд тухайлбал, “Гучин хоёр модон хүний үлгэр” ,”Зуун билиг оршвой”, “Алтангэрэл”, “Жадамба” гээд бүгдийг уншсан байсан болоод тэрүү суурь мэдлэг нь улам тэлж Буддын их таван ухаан, бага таван ухааныг мэдэрч ирээд Монгол багшийнхаа зарлигаар Амарбаясгалант хийдийн цорж лам болж бараг арваад жил энэ хийдийг “авч явсан” байдаг.
 
Гэтэл 2002 онд мөн л Монгол багш буюу Гүрүдэва ринбүүчийн чиглүүлж зааснаар Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодорсон байх юм. Энэ тухай багшаасаа лавлахад “Би чамайг анх хараад л урьд нь нэг их таньж мэддэг хүн харагдаад байсан. Хэн бэ? гэдгийг тааж мэдэхгүй л байлаа. Харин сүүлд нь сахиусныхаа хүчээр Зава Дамдин гэгээнтэн мөн байна гэж мэдлээ” гэсэн байна.
 
Бас Швейцарьт байдаг багшдаа тэр тухайгаа дуулгахад “Зөв байнаа. Чи багшийнхаа зарлигаар явах ёстой надад ч тэгж бодогдсоон” гэсэн байдаг аж.
 
Түүнээс хойш би өөрийн эрдэм ухааны хүч чадал чансаагаар тэр их хүний хойд дүрээр тодорсон гэж сэтгэл зүрхэндээ “хэлж” бурхан номын үйлс юуг нь цогцлоон бадрааж явах ёстой гэж ойлгосон гэж Зава Дамдин ринбүчи хэлж байна лээ.
 
Бас хэнд ч сургаал болгож айлдсан зүйлээс нь хэлбэл хорвоо ертөнцийн аливаа юмс үзэгдэл бүхэн хоорондоо шүтэлцээтэй байдаг. Тэр дотор бурхан Буддын ухааны сударт энэ тухай дэлгэрэнгүй бичээстэй бий гэж байналээ. Өөрийн нь лам болох зам мөр дээр олон сайхан эрдэмтэй хүмүүс сургаалиа айлдаж эрхи, орхимж бас аяга өгч байсныг мартах аргагүй, буянтан болох харгуйд хөтөлсөн шүтэлцээтэй тохиолдлууд гэж ярина лээ.
 
ДЭЛГЭРИЙН ХИЙДИЙН ЭЗЭН НЬ ЭРГЭЖ ИРЖЭЭ
 
Тиймээ. Зава Дамдин гавжтан Дэлгэрийн хийддээ очиж сүм дуган барьж хурал номыг нь сэргээснийг ингэж хэлж болно байхаа. Хойд дүрээр тодорсон жилдээ л түүнийг очиход Дэлгэрийн хийд гэж нурсан нураагүй хэдэн байшин л байж. Томоо хийд байсныг илтгэх туурь буйр зөндөөнтэй. Амар жимэрхэн. Голомтыг нь сахиж үлдсэн ганц хүн  нь Лхам гэдэг эмээ. Уран Гимбэл агсны өвлөж үлдээсэн бурхан тахилыг харж хамгаалж байсан хүн нь тэр л дээ. Лувсандаржаа (номын нэр нь) ламтны юу хийхийг сүсэгтэн олон тэр нутгийн ардууд хүсэн хүлээж байсан цаг үе, өгөгдөл нь иймэрхүү. Янз бүрийн саад бэрхшээл байсан ч 2007 онд их номч мэргэн Зава Дамдин гэгээнтний мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх үед Дэлгэрийн хийд сүсэгтэн олны хөлд дарагдсан өдөр бүр буян номын их хур далласан газар болсон байлаа.
 
Зава Дамдин гавжийн сэрэг дүрийг Дэлгэрийн хийдийн их өргөөн 2007 онд залжээ.
 
Түүнээс хойш Лувсандаржаа буюу Зава Дамдин ринбүчийн эрдэм номын үйлс ч дэлгэрсээр ирсэн юм. Ринбүчийн хувьд 1990 оноос хойш үзэж уншсан судар Дандарын бүх номоо гүйцээж. Монгол багшийнхаа зөвлөснөөр буддын номын бясалгал буюу Нэнчэнд суусан байна. Гурван жил гурван сар, гурав хоног Нэнчэнд суусны дараа эрдэм чадал нь зузаарч, бурхны номд бүр ойртсон гэж болох.
 
Эр бие нь л лавтайяа өссөн байсан гэж хүмүүс хэлэх юм билээ. Басхүү тэр бясалгалд суух үед сурснаа, бодсноо биелэл болгож чадсан байдаг. Аавынх нь хэлж захиж байсан олон сургаал дотор “Чи морины самсаа, туурай хоёрыг бас хүний нүд, гарыг л зурж чадвал юуг ч зурах чадвар аяндаа сууна” гэж хэлснийг туршиж үзсэн нь үнэн байж. Өөрийгөө, ижийгээ эхлээд зурж. Тэгээд  зурах авьяастайгаа мэдэрсэн бол шүлэг нэжгээдийг бичсэн байна.
 
 
Миний зурсан зургийн зураас бүхэн утга учиртай гэж эрхэм ламтан хэлж байналээ.
 
Ер нь шинжлэх ухааны олон салбарын сайн эрдэмтэдтэй түншилж эхэлсэн байдаг. Харин тэднээс авах юм ч их өгөх юм ч багагүй л байж. Нэг баримт хэлэхэд Г.Аким гуайн хүсэлтээр Чингисийн цагаан балгаст байдаг гэрэлт хөшөөний бичгийг цогцоор уншиж буулган өгч. Мөн тэнд байдаг нэгэн хадны дөрвөн хэлээр бичсэн бичээсийг анх тайлж уншсан хүн нь болоод байгаа. Түүх сонирхоно. Орчуулга хийж байна.
 
Бас барилга тэр дотроо сүм дуганы голдуу барилга байгууламжийн хар зургийг хийчихдэг. Энэ бүхэн залуу Зава Дамдин ринбүчийн мэдсэнээ ажил болгох, мэдлэг чадвараа дээшлүүлэх чансааных нь хэмжүүр гэж болох биз ээ. Одоо бол тэр номын өрөөндөө завгүйхэн суугаа. Монголын эртээ үеийн түүхийг зураглан үлдээсэн Алтан дэвтэр хэмээх гайхамшигт зохиолыг төвдөөс нь төрөлх Монгол бичигт буулгах амаргүй ажилд мэдлэг оюунаа чилээж байгаа юм билээ. Ирэх онд болох Зава Дамдин гэгээнтний мэндэлсний 150 жилийн ойгоор энэхүү “Алтан дэвтэр” номынхоо хуримыг хийнэ гэж байна лээ.
 
ХҮНД РОК ДУУ ХҮНИЙ ОЮУН САНААНД ТЭСРЭЛТ БИЙ БОЛГОДОГ
 
Ринбүчийг “Би дэлхийн сонгодог хөгжмөөс шилж сонсдог” гэхэд ухаант хүний уужуу сэтгэл тэгэхэд л баясдаг, алжаал нь тайлагддаг байх хэмээн санав. Гэтэл рок дуу хөгжимд дуртай тэр дотроо хүнд рок гэхэд нь бид жаахан хачирхан цочих шиг л болж байлаа шүү. Харин хүнд рок гэдэг эстрад урлагийн хаан нь. Хүний сэтгэлийн утсыг доргион хөглөж өгдөг оюун санаанд тэсрэлт бий болгодог гайхамшигтай ид шидтэйг тайлбарлан өгсөний дараа бас Ринбүчи өөрөө Харангын Лхагваатай хамтран дуу зохиосон гэхээр бидний яриа бурхан номын сэдвээ түр орхиж нэг хэсэгтээ дуу, хөгжмийн тухай өрнөсөн юмаа.
 
Их ламтан Ринбүчи, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нар “Азийн цагаан дагинын мишээл буюу богд хатан ижийн дуулал оршвой” нэртэй дуугаа дүрсжүүлээд авчээ. Ринбүчийн ижийдээ зориулж бүтээсэн тэр дууг Х.Лхагвасүрэн гавьяат тун сайхан дуулсныг сонсов доо.
 
Өөр бас шинэ дуу хийж буй тухайгаа ч хэлж байна лээ.
 
Миний дуу хөгжим хүнд рокын тухай яриа тийм гайхмаар өвөрмөц юм бишээ. Лам хүн дуугаар амьсгалж болохгүй гэж хэн ч хэлэхгүй байхаа. Буддын их таван ухаан, бага таван ухаанд дуу хөгжим багтдаг юм шүү дээ гэж Ринбүчи нэмж тайлбарлана лээ. Бид энэ оюунбилэгт хүний их номын өргөөнд түүнтэй бараг гурван цаг тухлан ярихдаа бусдад тустай буяны ажлынх нь тухай лавласан юм.
 
Ринбүчи ярихдаа “Надад нэг бодол байдаг юм. Бурхан номын газар хийд гэхээр хэдэн лам нар ном уншаад л сууж байдаг юм шиг байх нь буруу гэж. Номын хишиг буяны хажуугаар нийгэмд, түмэнд тустай үйл бүтээх нь чухалд бодох миний чин санаа бий. Амьдралдаа өөр замаар явчихсан болон өнчин ядуу өчнөөн олон хүүхэд, залууст ном эрдмийн зах зухаас зааж, зөв амьдралд чиглүүлж байлаа. Тэднээс лам болсон нь ч цөөнгүй л дээ. Өвчин зовлонтой 7-8 хүүхдийн эмчилгээний зардлыг хариуцаж тус хүргэсэн удаа олон.
 
Тэр дотроос нэгэн буянтай үйл бүтээсэн гэж бодож явдаг: Би Амарбаясгалантад байхдаа хийдийн сур­галт, гадаад харилцааны “Амар төв” гэж бай­гуул­сан. Тэгээд Австрийн залуу эмч нартай холбоо тогтоож улмаар эм­нэлгийн ховор багаж төхөөрөмж хоёр кантнераар оруулж ирж байлаа. Тэр дотор 16 ширхэг инкубатор авчирсан.
 
Гэтэл гааль дээр 40-50 мянган ам.доллар нэхээд оруулдаггүй. Бид уул нь 20 гаруй мянган ам.долларын зардал төлж явсаар Монголынхоо хил дээр ирсэн юм. Тэгэхээр нь би өөрөө Гаалын дарга Баатар дээр орж учир явдлаа бараг уйлж байгаад хэлсэн дээ. Бидний Монголын нялх үрсийн төлөө гэсэн сэтгэлийг минь Баатар гуай ойлгож “Лам хүн ийм буян хийж явахад туслалгүй яахав” гээд нэг ч төгрөгийн татваргүйгээр оруулах шийдвэр өгч билээ. Тиймээ Баатар гуай бидэнтэй хамт буян хийлцсэн хүн шүү гэж чанга хэлмээр санагддаг.
 
Тэгээд 12 инкубаторыг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт миний найз эмч нар суурилуулж дагалдах багаж хэрэгсэлтэй нь бэлэглэж байлаа. Хоёрыг нь Дундговийн эмнэлэгт өгсөн санагдана. Нэгийг нь өөр нэг аймагт. Энэ бол том тус юм шүү. Монголын төр, засаг түүнээс хойш ер нь тийм тусламж авчирсан болов уу хэмээн өгүүлэв. Эрдэмт хүн даруу гэдэг болохоор тухайн цагт нь энэ сайн үйлээ сурталчлуулж байсангүй юм билээ.
 
Үдшийн харлаг бүрий нөмөрсөн тэр орой тэднийхээс гараад явж байхдаа ном эрдмийн мөр хөөсөн олон ч хүнтэй уулзаж сурвалжилж явлаа Зава Дамдин ринбүчи гэдэг энэ хүн шиг номын их далайд цаглашгүйгээр умбаж явахдаа шинжлэх ухааны тийм олон салбарт мэдлэг оюунаа зориу­лахын төлөө хичээж яваа нь хэр олон бол гэсэн бодол төрж бахархал минь сэтгэл сүлж харуй бүрий үдэш өдөр шиг л санагдаж байлаа.
 
Доржшүгдэн сахиусыг шүтэж чадвал таны хамгаалагч болно
 
-Та ирэх ням гаригт буюу энэ сарын 11-ний 14:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд сүсэгтэн олонд зориулан тавих нууц тарнийн авшигийнхаа тухай тодруулж яриач?
 
-Сүсэгтэн олонд бие дааж ном тавиад таван жил болж байна. Урд нь лам багш нарынхаа орчуулгыг их хийдэг байсан. Лам багш нарынхаа захиж үлдээсэн ном судар горим дэгийн дагуу нууц тарнийн авшиг тавих гэж байна. Гагц баатар ямандагийн авшиг тавина. Ямандаг бурхан бол санскритаар нэрлэсэн нэр, төвдөөр Жигжид, Монголоор бол Цогт-Очироор аюулган үйлдэгч бурхан юм. Аюулган үйлдэгч гэдэг нь хүмүүний муу нисванисийн сэтгэл аливаа харшлахуйн шалтгаан, орчлонд байгаа хэрүүл тэмцэл хямралыг аюулган үйлдэх юм. Түүнээс аливаа бодгалийг, амьтныг аюулган үйлдэнэ гэсэн үг биш юм. Аливаа бодгалийн дотор байгаа муу, цөвтэй сэтгэл, цөвүүн цагийн хямрал тэмцлийг айлгана гэсэн утгатай нууц тарнийн тангаргийн бурхан.
 
Муу муухай зүйлс их дэлгэрч буй үед Ямандаг бурхныг бясалгал бүтээл болгож чадсан хүн аюул заналд өртөхгүй. Ямар ч нийгэм ард түмэн улс төрийн дунд өөрийгөө авч явах чадалтай болно.
 
Энэ авшигийг дагалдуулаад Очирын хүчит Доржшүгдэн сахиусны амин авшиг тавина. Очирын хүчит Доржшүгдэн нь шарын шашны буюу гэлэгваагийн шашны хамгаалагч сахиус юм. Гэлэгваагийн шашны судар дандарын номыг цэвэр ариун, чин шударгаар нь авч яваа эрдэмтэй мэдлэгтэй лам хувраг ард иргэд, сүсэгтэн олны оюун санааны хамгаалагч нь Доржшүгдэн сахиус юм. Доржшүгдэн сахиус нь эрт цаг Манзушир бурхан юм байна. Энэ цагт ламын дүрээр олонтаа морилсон байдаг.
 
Оюун санааны хямралтай энэ цаг үед Доржшүгдэн сахиусныхаа авшигийг анх удаа ард түмэнд зориулан тавих гэж байна. Энэ авшигийг тавиарай гэж багш маань надад захисан билээ. Шавь нар биедээ болор сахиус авч явах ёстой. Түүнийг нь би бэлдэж байна. Тиймээс бурхны шашин тэр дундаа гэлэгваагийн шашинд шүтлэгтэй, Доржшүгдэн сахиусыг шүтдэг хүмүүст амин авшиг тавина. Энэ авшигийг авснаар сахиус амь мэт хамгаална гэсэн байдаг.
 
-Доржшүгдэн сахиустай холбоотой олон сонин түүх байдаг. Манай тусгаар тогтнолыг хамгаалж байдаг гэж сонссон?
 
-Багш маань намайг Жигжид бурханы нэнчэнд суугаад гарч ирснийхээ дараа олон түмэнд зориулан Доржшүгдэн сахиусны авшиг тавиарай гэсэн юм. Би өөрийн дотно шавь нартаа зориулан гэртээ болон хийд дээрээ тавидаг. Харин одоо олон түмэнд зориулан тавих цаг болжээ. Олон түмэн минь сахиусаа ойлгоосой, өөдөлж бадраасай гэж бодож байна.
 
Манай ардын хувьсгалынхан гаднаас буу зэр зэвсэг барин орж ирсэн гадныхны дунд байхдаа тусгаар тогтнолоо зарлачихсан үед VIII Богд өөрийнхөө буулгадаг сахиуснуудад хадаг бариад манай улсын тусгаар тогтнолыг хамгаалж өгөөч гэж айлтгаж дээ. Гэтэл амьтны үйлийн үр доройтсон цөвүүн цагт хамгаалж дийлэхгүй нь гэж олон сахиус хэлээд Доржшүгдэн сахиусанд айлтга гэжээ. Тэгээд Доржшүгдэн сахиусанд хадаг бариад хайлж/уйлж/ гуйхад зөвшөөрсөн түүхтэй юм билээ. Тэр утгаараа хилмэгдүүлэлт, социализмын бүтээн байгуулалтын үед ганцхан Чойжинлхамын музейд гар хүрээгүй бүтэн үлдээсэн юм билээ.
 
Доржшүгдэн сахиусыг нууц шүтэх тангарагтай байсан бөгөөд ирээдүйд цаг нь ирэхээр ил гарна гэдэг байж. Багш маань одоо ил гарах цаг нь ирсэн гэдэг.
 
-Энэ номонд сууж, даган баяссанаар хүмүүст ямар өгөөжтэй бол?
 
-Тэр өдөр Багшаас авшигийг аваад, сургааль номлолыг сайтар сонсч, бурхны тарнийг уншиж, дүрийг нь шүтэж явбал цөвүүн цагийн янз бүрийн аюул ослоос хамгаалагдана. Алс ирээдүйд олон төрөлдөө Ядам бурхантайгаа учирч явна. Сахиусны авшиг авснаар амирлангуй үйлс бүтнэ. Өвчин зовлон, хямрал тэмцэл  амирлана.
 
Дэлгэрэнгүй гэдэг нь эд баялаг арвижих, баяжиж дэвшиж, ажил үйлс, эрдэм мэдлэг дэлгэрэх, бас эрх хүч, сүлд хийморь оюун мэдлэг нэмэгдэх, хар буруу санаатныг няцааж чадах хүчтэй болно. Тарнийг нь уншиж явбал өөртөө оюун санааны хамгаалагчтай болно гэсэн үг. Чин сэтгэл зүрх, үнэн сүсэгтэй байвал сахиус сүүдэр мэт дагана гэсэн үг. Хар ухаанаар бол оюун санааны төдийгүй аж ахуйн амьдрал дээшлэх юм. Нууц тарнийн авшигийг авбал яах бол, сүсэглэвэл нэмэртэй болов уу гэж эргэлзэх хэрэггүй. Ерөөсөө л чин хүсэл, итгэл, сүсэгтэй хэнд ч тус нэмэр болж хамгаалж чадна.      
 
Д.Цэрэннадмид, Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин