sonin.mn
Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов.
 
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа.
 
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, монгол хэл бичгийн нэрт эрдэмтдийн төлөөлөл болох Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаа, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Базаррагчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Олон улсын Монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын БН Буриад Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М.Я.Дамбаева, ОХУ-ын БН Халимаг Улсын Монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Е.В. Бембеев нарын зэрэг хүндэт зочид, эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан, сурагчид, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.
 
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол УлсынЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе.
 
Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм. Энэ өв соёлыг монголчууд, монгол хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр бүтээсэн хамгийн дээд бахархал бол бидний Их эзэн Чингис хаан юм. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хаан маань мэндэлжээ гэж манай олон эрдэмтэд түүхийн олон сурвалжуудыг үзэн тогтоож, энэ өдрийг Монгол бахарлын өдөр болгон тэмдэглэж байх саналыг төрд уламжилсан. Үүний дагуу зарлиг гарч, хууль гарч, ийм өдөртэй болсон.
 
Энэ өдрөөр зөвхөн Улаанбаатарт биш, нийт аймгууд, сургуулиуд, соёл, боловсрол, урлагийн газруудад монгол уламжлал, өв соёл, бичиг соёлоороо бахархдаг, түүнийхээ ололтыг олон түмэнд сурталчилдаг, түүний төлөө явдаг хамт олон, иргэдийнхээ бүтээж байгаа зүйлийг олондоо үзүүлдэг сайхан уламжлал тогтож байгаа. Энэ уламжлалыг бид цааш нь үргэлжлүүлж явах ёстой.
 
Өнгөрсөн хугацааанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн ажлынхаа жагсаалтыг гаргаж, эргүүлж үзэж байгаад нэг зүйл дээр гайхсан. Монголын түүх, өв соёл, уламжлал, ёс заншилтай холбоотой гаргасан санаачилга, хийсэн ажлууд хамгийн их нь байгаа юм.
 
Энэ долоон жил гаруй хугацаанд “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг шиг тогтсон, Монголын түүх, уламжлалтай холбоотой, өв соёлтой холбоотой, санаачлаад, хэвшүүлээд, тогтоод үр дүн гарсан бараг 30-аад ажил байна.
 
Тэгэхээр энэ бол манай ард иргэдийн зүгээс, эрдэмтэн, мэргэдийн зүгээс, тэр салбарт ажилладаг хүмүүсийн зүгээс хийх шаардлагатай маш олон сайхан санал, санаачилгууд, ажлууд байжээ. Үүнийг дэмжээд ажиллах юм бол манай ард түмэн, олон нийт маш их дэмждэг юм байна.
Би хувьдаа нэг зүйлийг боддог. Үндсэн хуульд ч бичсэн зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч байдаггүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх хамгийн гол 5 ажлын нэг бол Монголын уламжлал, түүх, өв соёлыг сурталчлах, энэ талаар гарч байгаа сайн санаачилгуудыг ажил хэрэг болгоход Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг чиглүүлэх гэсэн ийм ажил, ийм зорилго миний сэтгэл, зүрхэнд орж ирсэн.
 
Энэ чиглэлээр санаачилга гаргаад, хамтарч ажиллаад, ажил маань сайн явж байгаад баяртай байгаа.
Монгол хэлний тухай хууль гарсан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл маань хуралдсан. Монгол бичгийн дүрэм, өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бичгийн дүрэм зэргийг янзлах, цэгцлэх шаардлага байгаа. Монгол хэлээ улам төгөлдөр сайхан болгож цааш авч явахтай холбоотой авах шаардлагатай арга хэмжээнүүд байгаа юм.
 
Зөвхөн монгол бичгээр гэхэд “Мөнх тэнгэрийн бичиг” гэсэн үзэсгэлэнг жилдээ нэг удаа гаргаад явж байна. Хүүхдүүд, багш нарын дунд, сургуулиудын дунд явдаг сайхан бичигтний уралдаан, энэ чиглэлээр гарсан хууль, зарлиг байна. Гадагш дотогш явдаг захидал, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг бид хос бичгээрээ бичиж байгаа. Энэ бүхэн сайхан зүйл юм.
 
Монгол хүнийг юу ялгаруулдаг вэ гэхээр монгол өв соёл, монгол уламжлал, зан заншил ялгаруулдаг гэж би боддог.
Үнэхээр дэлхийн олон ард түмний дунд сонгодог хэмжээнд хүрсэн өв соёл бол монголчуудын өв соёл байна.
 
Энэ бүхнээ хайрладаг, энэ бүхнээ ойлгодог, дэмждэг байж бид бүгдээрээ Монгол хүн гэж хэлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ бүхэн чиний сэтгэл зүрхэнд орсон байх ёстой. Энэ чиглэлээр жил жилд санаачилга гараад явж байгааг сонсоход сайхан байна.
 
Дөнгөж сая би сонслоо. Өчигдөр уран бичлэгийн хүмүүс хуралдаад Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулсан байна. Энд манай монгол туургатан ахан дүүс маань нэгдэн ирж оролцож байгаад би туйлын баяртай байна. Иймэрхүү байдлаар, “Сайн санааны үзүүрт шар тос” гэж ийм сайхан санаачилгууд улам цаашаа өргөжин дэгжих байх гэж итгэж байгаа.
 
Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 маань энэ аравдугаар сарын 31-нд тохиож байгаа. Монголын ард түмэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж тусгайлан өдөр гаргаж тэмдэглэдэг болсон. Энэ өдөр монгол хүн юугаараа бахархах ёстой вэ?
 
Миний бодлоор монгол хүн сайхан эх орноороо бахархах ёстой. Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөөр бахархах ёстой. Монголчуудын олон зуунд бүтээсэн өв соёл, түүх, гайхамшигтай зан заншлаараа бахархаж явах ёстой. Энэ бүхнийхээ төлөө санаа тавьдаг байх ёстой. Өдөр бүхэн ийм байх ёстой.
 
Гэхдээ тусгайлан өдөр гаргаж Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн өдрөөр тэмдэглэдэг болж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашид улам баяжин өргөжиж, сайхан явна гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
Уран бичлэгийн олон улсын холбоо байгуулагдсан, бусад санал, санаачилгуудыг их дэмжиж байгаа.
 
Манай монгол туургатнуудын төлөөллөөс энэ чиглэлийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Буриад, Өвөрмонгол, Халимагаас төлөөлөл ирсэн байна. Тэр газруудад ч гэсэн Уран бичлэгийн холбоо, монгол бичгээ дэмжсэн санал, санаачилгууд гараад явж байгаа. Одоо соёлын чиглэлээр гарсан санал, санаачилгуудаар бие биеэ дэмжиж, улам цааш дэлгэрүүлэн хөгжүүлэх шаардлага бий гэж харж байгаа.
 
Үүнд сэтгэл зүрхээ гаргаж, газрын хол, усны уртаас хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хамгийн гол нь энэ үйлсэд бүх хөдөлмөр, бүх хүчээ зарцуулж байгаа манай багш нар, энд оролцож байгаа бяцхан хүүхдүүд, оюутнууд, залуучууд та бүхэнд сэтгэл гаргаж ирж байгаад туйлын их баяртай байна.
 
Өнөөдөр бол үнэхээр монголчуудын баярын өдөр. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай гэж ерөөе. Баярлалаа” гэлээ.
Үүний дараа "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээлд хүртээлээ. Үзэсгэлэнгийн тусгай шагналыг БНХАУ-ын ӨМӨЗО-ноос оролцсон Баатарын “Монголын нууц товчоо” бүтээлд хүртээв. Эдгээр шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав.
 
Нээлтийн ёслолын дараа монгол бичгийн эрдэмтэн мэргэд, уран бичигтнүүд, оюутан сурагч, багш нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татууллаа.
 
Уг үзэсгэлэнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.