sonin.mn
Гадны улс орнууд  хямдралыг зарласан шиг зарлаж иргэдээ хуйлруулдаг. Харин энэ жишгийг монголчууд үгүйлсээр олон жил болж байна.
 
Эдийн засгийн  хүндрэлээс шалтгаалан худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ  саарсан ч аж ахуйн нэгжүүд  борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс бүтээгдэхүүнээ  50 хүртэлх хувиар бууруулах болов уу гэсээр  Нийслэлчүүдэд жил бүр найддаг.
 
Тэгвэл Төв талбайд нээсэн "Их хотын хямдрал-377"  үзэсгэлэн, худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ 10-40 хувийн хямдралтай борлуулж буй гэх ч жирийн үед борлуулдаг үнээр худалдаж  байна хэмээн  нийслэлчүүд шүүмжлэлтэй хандаж байна. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал - 377” өдөрлөгт худалдаа өмнөх жилүүдээс аж ахуйн нэгжүүдийн оролцоо буурч, хөл хөдөлгөөн нь татарчээ.
 
 "Их хотын хямдрал-377"  үзэсгэлэн, худалдааны үеэр иргэд ийнхүү ярилаа.
 
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Энхтуяа:
 
- Хотын зад хямдрал өмнөх жилүүд шиг бүтээгдэхүүнээ хямдруулсангүй. Дэлгүүрт борлуулдаг үнээрээ л бүтээгдэхүүнээ худалдаж байна. Энэ жил сонголтын хувьд ч тааруухан байна. Хэдэн ноос, ноолуур савхин эдлэлээс өөр зүйлгүй. Хямдруулсан гэх бараа нь шилэгдсэн гээд өмнөх жилүүдээс даржин болжээ. Монголын компаниудаас зад хямдрал хүлээх хэрэггүй юм байна.
 
СХД-ийн иргэн Т.Намжил:
 
-Хотынхоо ойгоор үндэсний том компаниуд бодит хямдрал зарлах хэрэгтэй. Том компаниуд нь энэ жилийн үзэсгэлэн худалдаанд яагаад оролцсонгүй вэ. Хятадын бүтээгдэхүүн, оросын бүтээгдэхүүн тавьсан байна. Уг нь үндэснийхээ бүтээгдэхүүнээр оролцож нийслэлчүүддээ бэлэг барих ёстой биз дээ. Аливаа ажлыг сайн гүйцэтгэлтэй зохиох хэрэгтэй гэдгийг энэ үзэсгэлэн худалдаа хариуулж байна.
 
Чингэлтэй дүүргийн иргэн Н.Сүх-Эрдэнэ:
 
-Гадны улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ 70  хүртэлх хувиар хямдруулдаг. Харин манайхан хямдрал зарлаж сураагүй байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин бүтээгдэхүүн худалдан авъя гэсэн боловч олигтой зүйл алга гэв. Ийнхүү хоёр өдөр үргэлжлэх их хотын хямдралтай үзэсгэлэн худалдаа иргэдийн сэтгэлд нийцсэнгүй.
 Дашрамд дурдахад  өнгөрсөн оны  "Их хотын хямдрал" үзэсгэлэн, худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, 300 мянга орчим иргэн нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн дүн мэдээ байна.
 
 Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг