sonin.mn
Монголын уншигчдад аль хэдийнээ танил болсон Оросын нэрт зохиолч А.Н.Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” зохиолын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд тус ойн баярыг Улаанбаатар дахь “Кириллица” бага сургуульд тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Тус бага сургуулийн сурагчид өнөөдөр “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” зохиолоос сэдэвлэн хөгжимт жүжиг найруулан тоглож, орос хэл судалж буй оюутан сурагчид, эцэг эхчүүд, үзэгчдэд сонирхуулав. Өгөөмөр сайхан сэтгэлийн бэлгэдлээр дэлхий нийтийн соёлд өөрийн орон зайг эзэлсэн Буратино үлгэрийн баатар энэ удаа Монголын тайзнаа гурван өөр дүрээр хувирсан юм. Энэхүү сонирхолтой хөгжимт жүжгийн зохиолыг тус сургуулийн багш нар нь өөрсдөө бичжээ.
 
“Кириллица” бага сургуулийн захирал Ц.Магсар, “Бид аль болох сурагчдын гоо зүйн мэдлэг, бүжиглэх, жүжиглэх, хөгжмийн зэрэг авьяасыг хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг. Энэ удаа үлгэрийн зохиолоос сэдэвлэсэн уг зохиолыг тайзнаа амилуулаа. Анх жүжгийн зохиолыг уншиж үзэхэд энэ том зохиолыг ийм жаахан хүүхдүүд бардаг болов уу гэж бодогдон багасгаж хялбаршуулах талаар багш нартай нь ярилцаж байлаа. Гэтэл тэр том зохиолыг анхны хэлбэрээр нь хүүхдүүд маш чадварлаг тоглолоо” хэмээн сурагчдаараа бахархан ярисан юм.
 
Дашрамд дурдахад, дэлхийд танигдсан энэ зохиолоос сэдэвлэсэн уран сайхны болон хүүхэлдэйн кино, дуурь, жүжиг, дуу олон байдаг. Түүний нэрээр нэрлэсэн хүүхдүүдийн дуртай «Буратино» ундаа, «Золотой ключ» чихэр, олон төрлийн тоглоом, тэр ч бүү хэл «Буратино» нэртэй их бууны систем хүртэл байдгийг та бид сайн мэдэх билээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг