sonin.mn
ВАШИНГТОН./ВВС/.Америкийн иргэн Кристофер Демпси өөрийн элэгнийхээ талыг үл таних нэгэн эмэгтэйд өгчээ.
 
Тэнгисийн цэргийн хүчинд алба хаадаг байсан залуу элгээ өгөхдөө хүний амь аврах гэж байгаагаа мэдэж байсан ч ирээдүйн эхнэртээ элгээ өгч байна гэж огтхон ч төсөөлөөгүй аж.
 
Хитер Крюгер гэдэг эмэгтэй рүү К.Демпми утсаар ярьж, түүний элэгний донор болно гэдгийг хэлснээс хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа тэд гэрлэжээ.
Иллинойс муж улсын Чикаго хотоос өмнө зүгт орших Франкфорт тосгонд албан газрынхаа амралтын өрөөнд бусдын яриаг Демпси сонссоноор тэдний хайрын түүх эхэлсэн байна.
 
Крюгерийн элэгний өвчин хамгийн хүнд үедээ буюу дөрөвдүгээр шатандаа орж, хоёр жилийн турш өвчиндөө шаналж байхад нь түүнд “элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохгүй бол хоёр сар амьдрах магадлал ердөө 50 хувьтай байна” гэж эмч нар хэлж байжээ.
 
Ингээд түүний ар гэрийнхэн донорын эрэлд гарчээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээж буй 119 мянган хүнтэй улс орны хэмжээнд донор олно гэдэг бол тун амаргүй хэрэг билээ.
 
Энэ хүнд үед хэв журам сахиулах албаны ажилтан М.Демпси элгээ өгөхөөр шийджээ.
“Надтай цуг ажилладаг хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж буй үеэлтэйгээ утсаар ярьж байхыг нь би сонссон. Тэгээд би зүгээр л өөрийгөө болон гэр бүлийнхнээ тэр хүний оронд тавьж төсөөлөн бодоод Крюгерт туслахыг хүссэн” гэж тэрбээр ярьж байна.
 
Ингээд 38 настай залуу шинжилгээ өгөхөд 27 настай бүсгүйн хувьд “элэгний донор болох боломжтой” гэж эмч нар хэлжээ.
2015 оны хоёрдугаар сарын эхээр бүсгүй руу К.Демпси анх удаа утсаар ярьж, донор болохоор шийдсэнээ хэлж байжээ. Энэ мэдээг сонсоод бүсгүй, түүний ээж хоёр баярын нулимс унагаж байв.
 
Бүсгүйг К.Демпси үдийн хоолонд урьсан нь тэдний хувьд анхны уулзалт байлаа. Энэ уулзалтаас хойш жил гаруйн дараа тэд гэрлэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг