sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг 9 бүлэг, 56 зүйлтэйгээр шинэчлэн найруулжээ.
 
Т.Аюурсайхан нь тус  хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллах хугацаандаа санаачилсан бөгөөд Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан Засгийн газраас холбогдох санал, дүгнэлтийг авч 2016.10.27 өдөр Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд гишүүдийн хамт Улсын Их Хурлын даргад өргөн барьсан байна.
 
 Хуулийн төслийг боловсруулах явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг,Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд гарсан санал, санаачлагуудыг тусгаж ажилласан байна.
 
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг зогсоох зэрэг асуудлыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь бие даан шийдвэрлэдэггүй, зөвхөн эрх бүхий байгууллагад санал, дүгнэлт тавьдаг, үзлэг шалгалтын ажлыг явуулахдаа заавал мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран явуулдаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал байсныг энэхүү хуулиар шийдвэрлэж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бие даан хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх, гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа үр дүнг Засгийн газар, олон нийтийн өмнө хариуцдаг байхаар хуульд өөрчлөлт оруулсан.
 
 Шинэчлэн найруулсан хуулийн төсөлд хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээг учруулсан хохирол, үйлдэлд нь тохирох, дахин хууль зөрчихгүй байхад нөлөөлөхүйц хэмжээнд хүргэх, зах зээлд борлуулсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдал илэрвэл холбогдох аж ахуй нэгж байгууллага нь нэн даруй олон нийтэд мэдэгдэж, уг бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг зогсоож, зах зээлээс татан авах, учруулсан хохирлыг барагдуулдаг байх зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан байна.
 
Мөн бэлэг, урамшуулал амлах, сугалаат худалдаа, интернет болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх явцад хэрэглэгч хохирдог байдлыг таслан зогсоох, бараа, бүтээгдэхүүний шинж чанарт зүй бусаар өөрчлөлт оруулах, хуурамчаар үйлдэх, хясан боогдуулах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх зэргээр хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг шинээр бий болгожээ.
 
Энэхүү хуулийн шинэчлэн найруулсан төсөл батлагдсанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын оролцоо сайжрах бөгөөд төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтууд бий болж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжран, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын эрх, үүрэг тодорхой болох зэрэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажиллагааны эрх зүйн орчин сайжрах юм байна.