sonin.mn
КАРАКАС. /Prensa Latina/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. 2016 он гарснаас хойш тус улс цалингийн доод хэмжээг дөрөв дэх удаагаа нэмэгдүүлэх гэж байгаа нь энэ юм.
 
Пүрэв гарагт нийслэл Каракас хотод болсон жагсаалын үеэр Ерөнхийлөгч Н.Мадуро хэлэхдээ “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 22 576 боливар байгааг ирэх 11 дүгээр сарын 1-нээс 27 092 боливар болгон нэмэгдүүлнэ гэв. 
 
Сануулан дурдахад, Мадурогийн засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсаар байгаа юм.  Парламентын хүрээнд төрийн эргэлт хийхээр оролдсон гэж Н.Мадуро хууль тогтоогчдыг буруутгасан нь ардчиллын зарчмыг зөрчиж байна гэж жагсагчид үзэж байгаа ажээ.
 
Н.Мадурог засгийн эрхнээс буулгах зорилго бүхий бүх нийтийн санал асуулгыг хориглосны дараа эсэргүүцлийн жагсаал болжээ. Түүнийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан өргөх бичигт 200 мянга орчим хүн гарын үсэг зураад байна.
 
Венесуэлийн Үндсэн хуульд “ерөнхийлөгчийн алба хаших хугацаа тал хувиасаа давсан тохиолдолд ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасан байдаг аж.
 
Н.Мадуро 2013 оны дөрөвдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг