sonin.mn
ТЕГ-ын удирдлагууд өнөөдөр НӨАТ-ын урамшуулал сугалааны 16 дахь тохирлоос 4 сая болон 500 мянган төгрөгийн азтан болсон 5 иргэнд Батламж гардуулав.
 
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш нийт 16 тохирол явуулсан. Өмнөх 15 удаагийн тохирлоос 20 мянган төгрөгийг 57 мянга 566, 100 мянган төгрөгийг 6 мянга 636, 500 мянгыг 695 иргэн хожсон. Харин 4 сая төгрөгийг 77, 20 сая төгрөгийн 7 иргэн хожсон бол 200 болон 400 сая төгрөгийн эзнээр тус бүр нэг хүн тодроод байгаа юм.
 
Азтануудад нийт 2 тэрбум 610 сая төгрөг олгоод байгаа юм. Харин энэ сарын 16-нд болсон 16 дахь удаагийн тохирлоос 6 мянга 28 азтан тодорсон бөгөөд үүнээс 4 иргэн 4 сая, 76 хүн 500 мянган төгрөг хожсон юм.
НӨАТ-ын сугалааг шударга явагддаг эсэхэд эргэлзэж байсан ч одоо бүрэн итгэж байна хэмээн 4 сая төгрөгийн азтан Х.Ариунтуяа хэллээ.
 
Тэрбээр, “Би сард 30-40 орчим баримт бүртгүүлдэг. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө л авна гэж боддог байснаас сугалаанд бол төдийлөн итгэж байгаагүй. Би саяхан хүүхэд төрүүлсэн. Тэгээд хүүдээ живх болон хүнсний бүтээгдэхүүнээ цуглуусан 5000 төгрөгийн худалдан авалтын баримтаар 4 сая төгрөг хожлоо. Өөрөө азтан болсон учраас эргэлзэх зүйлгүй боллоо. Иргэдийг  www.ebarimt.mn-дхудалдан авалтын баримтаа идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна” хэмээв.
 
16 дахь удаагийн тохирлын азтануудын хонжвор өчигдөр буюу энэ сарын 27-ноос дансанд нь орж эхэлсэн байна. Дараагийн сугалаа ирэх сарын 20-нд болно. Уг тохиролд энэ сарын 01-31-нд олгосон бүх баримт хамрагдах юм.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг