sonin.mn
БЭЭЖИН. /ВВС/. "Хятадын Google" гэгддэг "Baidu" хэмээх интернэт хайлтын системийн компанийн орлого зар сурталчилгааг зохицуулахтай холбоотой дарамт шахалтын улмаас анх удаагаа буурчээ.
 
Тус компанийн орлого энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн улирлынхаас 0.7 хувиар бууран 18.3 тэрбум юань буюу 2.7 тэрбум доллар болсон байна.
Зар сурталчилгаа байршуулахыг Засгийн газрын зүгээс хязгаарлах болсон нь орлого буурахад нөлөөлжээ.
 
“Baidu”-гийн хайлтын системээр хорт хавдрын туршилтын эмчилгээний талаар мэдээлэл олж авсан нэгэн оюутан уг эмчилгээг хийлгэсний улмаас нас барсан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх болсноор баттай бус янз бүрийн зар сурталчилгаа байрлуулахыг тус компанид хоригложээ.
2014 онд зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдартай гэж оношлогдсон Вэй Зөси хэмээх оюутан залуу “Baidu”-г ашиглан хорт хавдрын эмчилгээний талаарх мэдээлэл олж авч, эмчилгээ хийлгэсэн байна.
 
Харамсалтай нь эмчилгээ амжилтгүй болж, 21 настай оюутан нас баржээ.
 
Нас барахынхаа өмнө Вэй  “буруу мэдээлэл өгч толгой эргүүлсэн” гэж тус эмнэлгийг буруутгаж, түүний ар гэрийнхэн нь “эмчилгээ ямар ч үр дүнгүй байсан” гэж байжээ. Мөн тэд өндөр үнээр тус эмнэлгийн эмчилгээний мэдээллийн хайлтын жагсаалтыг худалдсан гэж “Baidu”-г шүүмжилсэн байна.
 
“Baidu” бол Хятадын хайлтын системийн зах зээлийн 80 хувийг дангаараа эзэлдэг, энэ салбарын хамгийн том компани юм. Тус компанийг Америкийн “Google”-тэй зүйрлэдэг байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг