sonin.mn
ХОБАРТ. /ВВС/. Европын Холбоо болон бусад 24 орны төлөөлөгчид Антарктид дахь Россын тэнгисийг /Ross sea/ дэлхийн хамгийн том далайн тусгай хамгаалалттай газар болгохоор тохиролцлоо.
 
Ингэснээр Антарктидын далайн 1.57 сая хав.дөр.км талбайд 35 жилийн турш загас агнуурын үйл ажиллагаа явуулахыг хориглох юм.
Дэлхийн далай тэнгис дэхь хамгийн цэвэр онгон экосистем гэгддэг тус газрыг хамгаалахад чиглэсэн энэхүү алхмыг байгаль хамгаалагчид талархан дэмжиж байна. Тэдний үзэж байгаагаар, олон улсын усанд хамгаалалттай бүс байгуулсан анхны тохиолдол нь энэ болох ажээ.
 
Россын тэнгисийг далайн тусгай хамгаалалттай газар болгох саналыг удаан хугацаанд хэлэлцсэний эцэст Австралийн Хобарт хотод болсон Антарктидын далайн амьтдын нөөцийг хамгаалах комиссын уулзалтын үеэр дээрх тохиролцоонд хүрлээ гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Мюррей МакКали мэдэгдэв.
 
Россын тэнгис нь Антарктидын далайн хоёрхон хувийг эзэлдэг боловч уг тэнгист “Adelie” оцон шувууны 38 хувь, Антарктидын салхич шувууны 30 хувь, Антарктидын судалтай халимнуудын 6 хувь нь амьдардаг байна.
 
Үүнээс гадна халим болон далайн хав зэрэг амьтдын үндсэн хоол тэжээл болох хавч шиг жижиг сам хорхой уг тэнгист үй олноороо байдаг ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг