sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ./KAZINFORM/.Цэргийн нууц мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэх үндэслэлээр Пакистаны нэгэн дипломатчийг Энэтхэгийн Засгийн газар улс орноосоо хөөжээ.
 
Энэ дипломатчийг түр саатуулсны дараа түүнийг хөөн гаргах шийдвэрийг гаргасан гэж Энэтхэгийн ГХЯ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Энэ нь хөрш хоёр улсын харилцаанд нөлөөлж магадгүй юм.
 
Өнгөрсөн сард Пакистаны босогчид байж болох зэвсэгт этгээдүүд Кашмирын маргаантай бүс дэх Энэтхэгийн армийн бааз руу халдаж, олон цэргийн аминд хүрсэн юм. Үүний хариуд Энэтхэгийн цэргүүд Пакистаны хяналтад байдаг Кашмирын бүс дэх хэт давруу үзэлтнүүдэд цохилт өгсөн билээ.
 
Үүнээс хойш Кашмирын хилийн бүсэд тус хоёр улсын цэргүүдийн хооронд үе үе мөргөлдөөн болсоор байгаа юм. Тухайлбал, лхагва гарагт Пакистаны хяналтад байдаг бүсээс их буугаар галласны дараа Энэтхэгийн цэргүүд хариу цохилт өгчээ. Энэ үеэр Энэтхэгийн нэг цэрэг амь үрэгдэж, зургаан энгийн иргэн шархадсан байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг