sonin.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Засгийн газар 100 хоногийн ажлаа дүгнэж байна. Та энэ хугацаанд салбартаа ямар ажлыг хийж хэрэгжүүлэв. Энэ талаар яриагаа эхлэе?
 
-Бид наймдугаар сарын 1-нд ажлаа авсан.  Яг ажлаа авахтай зэрэгцэн малын гоц халдварт өвчин гарлаа. Цэцэг, шүлхий, мялзан өвчин манай орны гурван бүс нутагт гарсан. Өвчлөлийн хүрээг хумих, хөл хорио тогтоох, вакцинжуулах зэргээс ажлаа эхэлсэн.
 
Одоогоор баруун бүсэд гарсан бог малын мялзан өвчин бүрэн дарагдсан. Вакцинжуулалт ч бүрэн хийгдсэн байгаа.  Төвийн аймгуудын малыг вакцинжуулах ажил  үргэлжилж байна.  Мөн ургац хураалт, хадлан тэжээлийн ажил яг ажил авахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Одоогоор ургац хураалтын ажил 95 хувьтай байна.  Бид энэ жил дотоодын улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний ургац хураан авч чадлаа.   100 гаруй тонн улаанбуудай одоогоор илүү гарсан үзүүлэлттэй явж байна. 
 
-Ургац хураалтын явцад ямар асуудал тулгарч байна. Тэдгээрийг хэрхэн шийдэж ажиллав?
 
-Ургац хураалтын үеэр газар тариалан эрхлэгч байгууллагуудтай дөрвөн удаагийн уулзалт хийсэн.   Тариаланчдын зүгээс манай яаманд ургац хураалттай холбоотой асуудлуудаа хүргүүлж бид тэр бүхнийг 100 хувь шийдэж өгсөн. Тариаланчдад олгох ёстой байсан хөнгөлөлттэй зээлийн асуудал буюу 11.6 тэрбум төгрөг Хөгжлийн банк дээр гацсан байсан.  Үүнийг шинэ Засгийн газар яаралтай шийдэж өгч эдийн засгийн дэмжлэг үзүүллээ. Мөн тариаланчид маань ургац хураалтын үеэр шатахууны зээл олгож өгөх хүсэлт тавьсан. Үүнийг манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан  50 хувийг нь улаанбуудайгаар  солих маягаар зээл олголоо.  
 
Гуравдахь асуудал нь газар тариалангийн бүс нутаг Цагаан нуурын 100 орчим км зам маш их эвдрэлтэй байсан.  Энэ бол манай улсын үр тарианы 40-50 хувь нь тээвэрлэгддэг гол зам. Энэ замыг засварлах ажлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хурдан хугацаанд хөрөнгийг нь шийдүүлж, ургац хураалт эхлэхээс өмнө засаж дуусгалаа.
 
Өнгөрсөн жил ган гачигтай байсан учраас 120 тонн улаанбуудай авсан байдаг. Энэ нь тариаланчдад эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсгэж банкинд маш их өртэй байсан. Энэхүү эрсэдлийг тооцож бид улаанбуудайныхаа үнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхээр буюу 560 мянган төгрөгөөр тогтоон ажиллалаа.
 
-Ургац хураалт ам­жилт­тай явагдаж, 100 га­руй тонн улаанбуудай илүү гарсан гэж ярилаа. Би­дэнд улаанбуудайгаа экс­портлох боломж бий юу?
 
-Энэ талаар бид ярилцаж байна.  Экспортлох боломж бидэнд бий. Гэхдээ яг эцсийн шийдвэр гараагүй байгаа.   320 тонн улаанбуудай авахад дотоодын нийт хэрэгцээгээ хангадаг.  Энэ жил 500 тонн үр тариа хураалаа. Үүнээс бид энэ салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг олж харсан.  Илүү гарсан 180 орчим тонн улаанбуудайгаа экспортлож чадахгүй бол манай гурилын үйлдвэрүүд нөөцөндөө авч ажиллана. 
 
-Ургац хураалт, малын өвчин зэрэг цаг үеийн асуудалд ийм  арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан байна.  Яамны зүгээс бодлогоор ямар ажлуудыг эхлүүлсэн бэ?
 
-Манай улс төл малтайгаа нийлээд 74 сая толгой малтай боллоо. Одоо малаа эрүүлжүүлж чадвал мах экспортлох боломж бидэнд бий. Энэ талаар эхний алхмуудыг хийж эхлээд байна.   Мөн ажлаа аваад яаман дээрээ 583 удаагийн уулзалт зохион байгуулсан.
 
Тариаланчид, малчид, малын эмч, эмзүйчид, хөнгөн үйлдвэрийнхэн, мөн эрдэмтэд, энэ салбарыг  үеийн үед удирдаж байсан эрхмүүд гээд олон хүнтэй уулзлаа. Уулзалт болгоноос зөвлөмж уриалга гаргаж байсан.  Тэдний санал санаачлагыг 2016-2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж байна.  
 
Энэ хөтөлбөрийг боловсруулахад манай яам ажлын хэсэг байгуулж, ирэх жилүүдэд юу хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаж авсан. Мөн Засгийн газрын 100 хоногтоо сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо.   Малчид маань одоо саах ёстой сүүнийхээ 30 хувийг сааж байна.  Мөн манай улс сүүний хэрэгцээнийхээ 70-80 хувийг гаднаас худалдан авдаг.  
 
Мал аж ахуйн орон байж ийм хэмжээнд ажиллана гэдэг харамсалтай асуудал. Монгол Улсын Засгийн газар 100 хоногийнхоо хүрээнд сүүний аян зохион байгуулж, үйлдвэртэй болох асуудлыг шийдлээ.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлал хийх үеэрээ сүүний үйлдвэртэй  танилцаад ирсэн. Малчид саасан сүүгээ хийхэд л нөгөө талаар нь хуурай сүү болж гарч ирдэг ийм жижиг оврын үйлдвэр байх юм.  Эхний ээлжинд 100 үйлдвэр оруулж ирэхээр ярьж байна.  Ирэх хавраас эхлэн энэ үйлдвэрүүд маань ажиллаж, малчид сүүнээсээ орлого олох боломжтой болж байгаа юм.
 
-Ер нь ажлаа авахад тань салбарын үйл ажил­лагаа ямар байв. Та ажлаа юунаас эхлэх шийдэлд хүрэв. 100 хоно­гийн хуга­цаанд ямарч гэсэн төлөв­лөгөөгөө боловс­руулж амжсан байх. Тийм үү?
 
-Энэ салбарт бодлогын дорвитой өөрчлөлт хийх цаг болсон гэж бодож байна.  Сүүлийн 20 орчим жил ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй.  Тухайлбал мал эмнэлгийн асуудал.  Монгол Улс мал эмнэлгийн босоо тогтолцоотой, энэ салбар нь хариуцлагатай, маш сайн ажилладаг байлаа.  Гэтэл энэ салбар үгүй боллоо. Үйл ажиллагаа нь суларч, орон нутагт салбар нэгжгүй байна.  
 
Үүнээс үүдэн малын өвчин ойр ойрхон гардаг, түүнийгээ бүрэн гүйцэд дарж чадахгүй байдалд хүрсэн. Энэ байдлыг өөрчлөхөөр Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт батлуулсан. Энэ хуульд мал эмнэлгийн босоо тогтолцооны талаар оруулсан байгаа.  
 
Энэ хууль хэрэгжвэл мал эмнэлэг босоо тогтолцоонд шилжиж  хариуцлагатай болно.  Ер нь бидэнд малаа эрүүлжүүлэх гэсэн маш чухал асуудал гарч ирж байна.   Энэ чиглэлд манайхаас эрдэмтэд судлаачдын оролцсон хоёр ажлын хэсэг гарч ажиллалаа.   Ямар ч гэсэн хуулиа Засгийн газарт батлуулаад, одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.
 
-Монгол Улсын Засгийн газар “Эрүүл хүнс эрүүл монгол хүн” хөтөлбөрийг батлан ажиллаж байна.  Үүнд танай яамны оролцоо, идэвхи санаачлага чухал байх?
 
-Тийм шүү. Энэ нь Засгийн газрын малгай хөтөлбөр юм. Бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл байлгах нь чухал байна.  Олон улсын чанар стандартад нийцүүлмээр байна. Ингэсний дараа экспортын асуудал цаашлаад хөгжлийн тухай ярих боломжтой болно.
 
Тэгэхээр энэ асуудлыг салбараасаа эхлэе, бүтцээ шинэчлэе, хариуцлагын тогтолцоогоо бий болгоё гэж бодож байна.  Ингэсний дараа малаа эрүүл болгоно, хөдөө аж ахуйгаас олох ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.  Монголчууд сүүлийн үед хамгийн сайн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа больжээ.
 
Мал аж ахуй  эрхлэн явуулахад хүндрэл учирч эхэллээ. Мал махаа экспортод гаргаж чадахгүй, түүхий эдийн үнэ унасан ийм л эдийн засаг хүлээж авлаа.  Мал аж ахуй нөхөн сэргээгдэх баялаг.  Мөн бидний хамгийн их хийж чаддаг, сэтгэлд ойр уламжлалт салбар.  Гэтэл бид энэ салбарыг хөгжүүлэх уламж­лалт байдлаа хадгалж үлдэх тэр үнэт чанаруудыг гээж ирлээ.  
 
Мал давжаарч ашиг шим нь багассан байна. Түүхий эд нь чанаргүй болж эхэлсэн.  Манай ахмадууд ноосны чиглэлийн хонио үржүүлдэг байсан. Нарийн ноостой, зөөлөн, тансаг нэхийтэй байлаа. Гэтэл одоо хатуу болсон. Түүгээр юм хийгээд худалдах гэхээр авахгүй байна гэсэн асуудал урган гарсан. Уг нь мал аж ахуйн салбарыг дагаад аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжиж ирсэн.  Тэгэхээр малчин хүнээс маш их зүйл шалтгаалж байна.  Мөн малын үржлийн бодлогыг дахин  харах цаг үе ирсэн.
 
Мал аж ахуйгаас хөнгөн үйлдвэр,  экспорт, эдийн засаг, хүний эрүүл мэнд гээд бүх зүйл шалтгаална.   Тэгэхээр Засгийн газар, эрүүл хүнс, эрүүл монгол хүн, мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр, мах сүүний аян зэргийг мөрийн хөтөлбөртөө багтаан системтэй, шат дараатай, бодлоготой, хууль эрх зүйн үндэстэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
 
-Манай улс 70 сая толгой малтай болсон гэлээ.  Гэтэл бэлчээрийн даацын асуудал гарч ирж байна.  Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Бид  тоо толгойд биш малын генетик, үржил, чанарын асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ.  Тоо толгой нэмэгдэхийн хэрээр, бэл­чээрийн даац ургамлын хомсдолын асуудал гарч ирнэ. Тэгэхээр цөөхөн мөртлөө өндөр ашиг шимтэй малтай болмоор байна. 1000 малаас авах ашиг шимийг 600 малаас авч болж байна. Бэлчээр тахлах нь бага, ногдож байгаа өвс тэжээлийн хэмжээ багасна, зарцуулах цаг хугацаа ч бага болно. Монголчууд цөөхөн хэдхэн малтай мөртлөө өөрсдийн хэрэгцээгээ хангаж чаддаг, малаа гаргаад идэхэд амт сайтай, нэхийг нь элдээд дээлээ хийгээд өмсчихнө.
 
Дээр үеийн ноолуур ямар сайхан зөөлөн чанартай вэ гэж одоо бид ярьдаг шүү дээ. Гэтэл одоо яаж байна нэхий гэхэд босоо үстэй ширүүн болсон байна.  Энэ нь үржлийн бодлогыг сайжруулах цаг болсон гэдгийг харуулж байгаа.  Тэгэхээр бид мал эмнэлгийн босоо тогтолцоо, генетик үржлийг сайжруулах, бэлчээрийн даацыг барих гэсэн асуудал дээр бодлого баримталж ажиллана.
 
-Энэ салбарт өөрчлөлт хийх  цаг нь болсон гэж та дээр ярьсан.  Мал эмнэлгийн босоо тогтолцоонд шилжих нь байна.  Хөнгөн үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлах вэ?
 
-Манай яам  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зохицуулах хороотой болох талаар ярьж байна.   Газар тариалангийн асуудалд  яам нь тариалан эрхлэгчдийнхээ үр тариаг зарах гээд байгаа юм шиг.  Гурилын үйлдвэр нь будаагаа авахад хүртэл улс төр оролцож байна.  Мах, сүү, гурил гээд стратегийн  гол бүтээгдэхүүн учраас энд төр зайлшгүй анхаарах шаардлагатай гэсэн үүднээс оролцоод байгаа.  
 
Уг нь энэ бүхэн чинь зах зээлийнхээ жамаар хөгжөөд явах учиртай. Яам гэдэг нь бодлого боловсруулдаг газар.  10, 20 жилийн дараа Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлдог, бодлого боловсруулдаг байгууллага. Гэтэл яам аж ахуйн чанарын асуудалд өдөр тутамдаа дарагддаг. Мөн газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарт дэмжлэг тусламж гээд баахан мөнгө гаргадаг.  Үүнийг больё, зогсооё гэж бодож байна.  Тэд зах зээлийнхээ журмаар яваг. Харин зохицуулах хороотой байх нь зүйтэй гэж үзэж байна.  Энэ хороо нь өөрөө чанар, стандарт, шаардлагаа тавьдаг байя.  
 
Тухайлбал манайх 1000 орчим тариалангийн компанитай эдгээрээс 280 байгууллага нь агрономичтой. Бусад нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.  Мал аж ахуй салбарт гэхэд мэргэжлийн эмч, малзүйчид байхгүй.  Бидний хоол хүнсийг бэлдэж байгаа салбар ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр манай салбарт ч гэсэн зохицуулах хороо шаардлагатай байна.  Ийм өөрчлөлтүүдийг зоригтой хийж байж бид  энэ салбартаа хөгжил авчирна.  Хөдөө аж ахуй нөхөн сэргээгддэг баялаг учраас хэрвээ бид бодлогоо зөв  тодорхойлж чадвал улс орныхоо эдийн засагт үр өгөөжтэй салбар болох боломж бий. 
 
-Та ажлаа аваад ОХУ, Унгар улсад айлчиллаа.  Энэ айлчлалын үр дүн ямар байв.  Ямар асуудлуудыг шийдвэрлэж чадсан бэ?
 
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар тус улсад айлчиллаа.  Гурван асуудлыг хөндөн ярилцсан. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрт хамтран ажиллахаар болсон.  ОХУ-ын мал эмнэлэг өөрөө босоо тогтолцоотой.  Бид энэ тогтолцоонд шилжих гэж байгаа гэхэд  маш сайхнаар хүлээн авсан.  Тэгээд мал эрүүлжүүлж, мах экспортод гаргах асуудлаар хамтран ажиллахаар болсон.  
 
Газар тариалангийн хүрээнд Монгол Улс үрийн аж ахуйтай болох талаар ярьлаа. Мөн  ОХУ-тай хил орчимд худалдааны салбарыг хөгжүүлэхээр хэд хэдэн санал оруулсан.  Өнгөрсөн жил гэхэд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор манай үндэсний үйлдвэрлэгчид найман тэрбумын борлуулалт хийсэн байна.  Сая бас баруун бүсэд хилийн худалдаа хийсэн.  2017 онд Хөх хотод экспо худалдаа зохион байгуулахаар болсон.  Одоо яаман дээр ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Ингэж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлогыг баримталж ажиллана.
 
-Унгар улсын айлчлалын хүрээнд  Биокомбинатын барилгын асуудлыг шийдсэн гэсэн. Энэ нь ямар учиртай хөрөнгө оруулалт байв?
 
-Найман жил орчим яригдсан Биокомбинатыг өргөтгөн сайжруулах 25 сая ам.долларын төсөл байдаг. Энэхүү төслийг 2017 эхлүүлэхээр боллоо.  Энэ үйлдвэрийг өргөтгөж тоног төхөөрөмжийг сайжруулснаар малаа эрүүлжүүлэхэд өндөр үр ашигтай.
 
 Учир нь одоо бид малын вакцинаа  гаднаас өндөр өртгөөр худалдан авч байна.  Энэ төслийг эхлүүлж барилга ашиглалтад орсноор  2-3 дахин хямдхан үнээр дотооддоо вакцинаа үйлдвэрлэх боломжтой болж байна. Бид 2010 оноос хойш бараг 100 гаруй тэрбум төгрөгийг малын эм вакцинд зарцуулсан байдаг.  
 
Тэгэхээр энэ маш үр дүнтэй төсөл болно. 2018 оны сүүлээр э өргөтгөл ашиглалтад орчих болов уу гэж харж байна.  Мөн Унгар улсад Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан сурдаг. Бид санал тавьж, нэмж  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбараас 100 оюутан сургахаар боллоо. Мөн малын генетик  мах, сүүний чиглэлээр  тус улстай хамтран ажиллахаар болсон.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин