sonin.mn
Эдийн засгийн хүндрэлийн улмаас монголчууд бүсээ чангалснаар импортын хэмжээ буурсан ч экспорт төдийлөн нэмэгдэхгүй байгааг бизнес эрхлэгчид  ГХЯ-нд болсон “Гадаад худалдаа-Тулгамдсан асуудал-Шийдэл”  зөвлөлгөөний үеэр  онцолсон юм.
 
 Энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол Улс 155 улстай худалдаа хийснээс 66 улсад бараагаа экспортолж, 140 улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг импортолжээ.  Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс  616.9 сая ам.доллар буюу 9.6 хувь, үүнээс экспорт 208.12 сая ам.доллар буюу 5.9 хувь, импорт 408.8 сая ам доллар буюу 14.3 хувиар буурсан тухай албан ёсны мэдээллийг мэргэжилтнүүд өгч байна.
 
Шинэ Засгийн газар ГХЯ-ны чиг үүрэгт гадаад худалдааны асуудлыг нэмж оруулснаар тус яам бизнес эрхлэгчдийн санал бодлыг бодлоготоо тусгахаар цуврал уулзалт зохион байгуулахаар болж буй аж.
 
Өнөөдрийн “Гадаад худалдаа-Тулгамдсан асуудал-Шийдэл” зөвлөлгөөнд 80 гаруй бизнесийн төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцсан юм.
Бизнес эрхлэгчид Япон-Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхлээд 4 сар болж буй ч  бараа бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд хүндрэл гарч буйг онцолж байсан юм.
 
Тухайлбал Ханбогд кашемир ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг ярихдаа, Манай компани ямааны самнасан ноолуурыг Европ болон Ази руу экспортолж байна. Бүтээгдэхүүнээ экспортлохын тулд МХЕГ-аас ганц сертификат авах гэж 10 гаруй хоног зарцуулж байх жишээтэй. 10 гаруй байгууллагын хаалгыг сахиж байж  ганц бичиг авдаг энэ систем бизнес эрхлэгч бидэнд хохирол учруулсаар удлаа. Манай улс далайн боомтгүй учир Тяньжинаас усан онгоцоор  дамжуулан бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Тяньжинаас 14 хоног тутамд бүтээгдэхүүн зөөвөрлөдөг учир энэ хугацаанаас ганцхан цаасны төлөө хоцорч эдийн засгаараа хохирч байна. Европын орнуудтай 45 хоногт багтаан бүтээгдэхүүнээ хүргэнэ гээд гэрээ хийчихдэг. Гэтэл хүнд сурталтай төрийн байгууллагаас болоод гэрээгээр хүлээсэн хоног маань 20-30 өдрөөр хэтэрч нөгөө талаас бүтээгдэхүүний үнийг бууруулах, буцаан татахад хүрч байна.  Хамгийн түрүүнд энэ хүнд суртлаас салгаж өгөөч ээ” гэв.
 
 Мөн Япон монголын чөлөөт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжилтийг хангах нь чухал гэдэгт бизнесийнхэн санал нэгтэй байна.  Бүтээгдэхүүний кодчлолоос шалтгаалан эсгий бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр Япон руу экспортолж чадахгүй байгаагаа Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал Ц. Цэнд-Аюуш учирлаж байлаа. Ийнхүү бичиг баримтын дарамтаас гадна яамдын залгамж халаа чухал гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм. Тэрээр ярихдаа, "Өнөөдөр төрийн залгамж халаа алдагдсанаас болж багагүй хохиролыг бизнесийнхэн амсаж байна. Энэ жишээ Япон Монголын чөлөөт хэлэлцээрийн хүрээнд гарлаа.
 
Тухайлбал өнгөрсөн жил ГЕГ, Аж үйлдвэрийн яамны удирдлагын бүрэлдэхүүнээс нийт 20 хүн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаарх Японд болсон сургалтад хамрагдсан. Гэтэл энэ хүмүүс одоо нэг нь ч албан тушаа дээрээ алга. Үүнээс болж хэрэгжилт саатаж байна. Гол нь ийм чухал мэдээлэл авах сургалтандаа олон жил тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтнүүдээ явуулж залгамж халааг үргэлжлүүлмээр байна" хэмээн шүүмжлэв.
 
Ийнхүү шүүмжлэлүүд ар араасаа хөвөрсөн юм. Эдийн засгийн коридорыг  цаасан дээр бус бодитоор хэрэгжүүлэхийн зэрэгцээ Худалдааны бие даасан хуульгүйгээр Монгол Улсын худалдааны ирээдүйг тодорхойлох боломжгүй гэдгийг бизнес эрхлэгчид онцолж байв.
 
  Мөн үеэр ГХЯ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт тусгасан гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тодруулбал Засгийн газар эдийн засаг, санхүүгийн хүнд үеийг гэтлэхдээ худалдааны гол түнш болон бусад улстай худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн хэлэлцээр байгуулах судалгааг эхлүүлэхээр болжээ. Мөн Засгийн газар худалдааны тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, гадаад зах зээлд гаргах экспортын бүтцийг төрөлжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг