sonin.mn
ГАВАНА. /Xinhua/. Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг уриалсан НҮБ-ын тогтоолын төслийн эсрэг санал өгөхөөс АНУ анх удаагаа түдгэлзлээ.
 
АНУ, Куба хоёр хагас зуун жил гаруйн дараа буюу өнгөрсөн онд дипломат харилцаагаа сэргээсэн боловч Конгресст олонх болж буй Бүгд Найрамдах намынхан Гаванагийн эсрэг тогтоосон хоригийг цуцлахыг эсэргүүцсээр байгаа юм.
 
Дээрх тогтоолын төслийг 191 улс дэмжсэнээр олонхын саналаар баталжээ.
Харин АНУ болон Израиль улс санал өгөхөөс түдгэлзсэн байна.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос хойш жил бүр уг тогтоолын төслийг батлахын тулд санал хураалт явуулах бүрт АНУ эрс эсэргүүцсээр ирсэн юм.
НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Саманта Пауэр хэлэхдээ “55 жилийн турш бие биенээсээ тусгаарлагдмал замаар явж ирсэн бид одоо харилцаагаа сайжруулах замыг сонгож байна” гэлээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “энэ тогтоолын эсрэг санал өгөхөөс түдгэлзэж байгаа нь Кубын засгийн газрын явуулж буй бодлого бүрийг АНУ хүлээн зөвшөөрөн дэмжиж байна гэсэн үг биш юм. Кубад хүний эрх ноцтой байдлаар зөрчигдөж байгаа гэх мэт зэрэг шийдэгдээгүй асуудлууд бий” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг