sonin.mn
УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн дуурийн урлагийн ноён оргил  Ж.Вердийн “Аида” дуурийг энэ сарын 29, 30-нд тус театрын тайзнаа тоглоно.
 
Энэхүү хүчирхэг дуурь нь театрын уран бүтээлчдээс өндөр мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалт шаарддагаараа бусад дууриас онцлогтой.
 
Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт энэ дуурийг анх 1871 оны 12 сарын 24-нд Каир дахь Хедивийн дуурийн театрт Жованни Боттесинигийн удирдлагаар тоглож байжээ. Харин манай театрын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд анх тоглож байсан түүхтэй.
 
Хүн төрөлхтний гол үзэл санаа болох эх нутгаа гэсэн сэтгэл, хайр дурлал, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийг харуулсан эл дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий найруулагчаар А.П.Чепурной, зураачаар СТА Г.Ганбаатар ажиллаж байна.
 
Дуурийн гол дүр Аидад СТА Ш.Наранчимэг, Б.Эрдэнэтуяа, Амнерисд Р.Доржхорол, М.Дариймаа, Радамесд СТА Ч.Түмэндэмбэрэл нар тус тус дүр бүтээх юм.
 
Ж.Болор