sonin.mn
С.Зориг агсны хэрэгт сэжиглэн хорьж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр олон нийтэд хандаж "Зууны мэдээ" төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Энэ хурлыг сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, түүний гэргий Г.Энхбаяр болон сэжигтэн  Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар хийж сэтгүүлчддэ мэдээлэл өгсөн юм.
 
 
 
-Миний хүү Содномдаржаа 461 дүгээр ангид хоригдсоноос хойш нэг жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул хүн. Би нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан.
 
С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан.
 
Тодорхой ярья. 2014 оны хагасаас миний хүүгийн утсанд мессеж ирдэг болсон. “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн.
 
2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй.
 
Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байгаа. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байна.
 
 
Гэргий Г.Энхбаяр  " Манайх 9 сартайгаас 10 настай дөрвөн хүүхэдтэй, одоо нэг хүүхэд маань олгой авахуулж эмнэлэгт хэвтсэн. Бидний амьдралыг хуулийнхан анхаарч үзээсэй" гэв. Сэжигтэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат " Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг.
 
Ингээд хүн амины хэргээр 25 жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү дарамталсан мессеж их ирүүлдэг болсон ч тэрийг тоодоггүй байсан. Гэтэл дүүг маань өнгөрсөн жилийн 8 дугаар сард  Эрдэнэтийн гудамжинд явж байхад нь баривчилсан. Гурав хоног эрж хайсны эцэст  тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний ойлгосноор дүүг маань Ц. Амгаланбаатар гэгчийн гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд С.Зоригийн хэрэг гарах үед нялх нойтон хүүхэдтэй байсан. Ийм хүн тийм том хэрэг хийгээд явж байх уу?  Дүүг баривчилснаас хойш  биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг хориглосон.
 
Бид эхний жилдээ хууль, хяналтын байгууллагыг хүндэтгэсэн. Асуудал шийдэгдээд, гарах байх, болох байх гээд их хүлээсэн. Одоо бид аргагүйн эрхэнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж байна. Хараад байхаар хэргийг илрүүлэх бус, хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явж байна. Тэгэх тэгэхдээ хэргийг ядарсан бидэнд үүрүүлж, ямар нэгэн аргаар хаах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна.
 
Миний ээж 75 настай хөгшин  Дорноговь аймагт амьдардаг. Энэ хөгшний гэрийг нэгжих гэж  дөрвөн том хар машинтай, 20 орчим залуус очсон байна. Ганцхан шовгор гэрт хэдэн хүн хэрхэн аж төрж буйг тагнуулынхан өөрсдөө хангалттай мэднэ. Тэгэхээр зүгээр л айлгаж, ичээж, дарамталж асуудлыг шийдэх гэж байгаа байдал шууд харагдаж байгаа. Одоо манай дүүгийн ар гэрийнхэн, Содномдаржаагийн  талынхны утсыг байнга чагнаж, машин тэрэг үргэлж дагаж явдаг болсон. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна гэв.
 
 
 
П.Мандах