sonin.mn
СХД-ийн  Эрүүл мэндийн төв нь бөөрний дутагдлын өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүллээ. 
 
Тус дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 138 хүн байдаг бөгөөд тэдний 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг байна.
 
Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин төрөөс гемодиализийн аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг  даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ ийнхүү гарч буйг эмч нар онцлов.
 
Тус Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан  дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёрдахь шатлалын тусламж үйлчилгээг нийт 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношилгоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
 
Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа 10 үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратаар эмчлэхээр хүлээн авч эхлээд байна. 
 
Ингэснээр диализийн аппаратад өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг