sonin.mn
Таван жил үргэлжилж байгаа дайны улмаас Сирийн эдийн засаг ихээхэн доройтоод байна. Тус орны дотоодын нийт бүтээгдэхүүн 50 хувиар, хүн амын тоо 25 хувиар буурсан байдалтай байна.
 
Хүн амын дүрвэлтийн улмаас эдийн засгийн идэвх суларсан, хөрөнгө гадагш урссан, дэд бүтэц ихээхэн сүйрсэн зэрэг олон хүчин зүйл энд нөлөөлж байгаа юм. Үүний зэрэгцээ Сирийн бизнесменүүд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт явуулах итгэлгүй болжээ. Тэд өөрсдийн хөрөнгийг худалдаад дүрвэн зугтсан дүр зураг бий болсон. Сирийн зөрчил иргэний дайны хэмжээнд хүрч даамжирсны шалтгаан нь АНУ болон ОХУ-ын хөндлөнгийн оролцоо юм.
 
Энэ бүх үйл явц нь олон жилийн турш Сирийн эдийн засагт нөлөөлсөөр байх ба хэрэв дайн дуусвал дайны өмнөх түвшинд хүртэл 10-15 жил шаардагдах тухай “Global Risk Insights” гэх судалгааны агентлагийн илтгэлд дурдагдсан байна. Гэхдээ дайн дуусах нөхцөл харагдахгүй байгаагийн зэрэгцээ Сири нөхцөл байдал шинэ хүйтэн дайны эхлэл рүү дэлхийн хүчирхэг гүрнүүдийг татан оруулж байгаа талаар судлаачид илэрхийлж эхлээд байна. Магадгүй Сирийг дэлхийн хоёрдугаар дайны дараах Герман шиг хоёр хуваах хувилбар хүртэл яригдах боллоо.
 
ОХУ-ын Еренхийлөгч  Владимир Путин АНУ тэргүүтэй холбоотон улсуудыг Сирийн хямралыг зохицуулахын оронд улс төрийн тоглолт хийж байна хэмээн энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Мөн Сирийн Аллепо хотод аюулгүйн тусламж үзүүлэх ОХУ-ын саналыг барууны улс орнууд дайны гэмт хэрэг гэж буруутгаж байгаа тухай Францын телевизид өгсөн ярмлцлагынхаа, үеэр хэлсэн.
 
Ингэж мэдэгдсэний дараахан Сирийн газар нутаг дээр өөрийн агаарын хүчнийг хугацаагүйгээр байршуулах, ОХУ болон Сирийн Зсагийн газар хоорондын хэлэлцээрийг Ерөнхийлөгч Владимир Путин соёрхон баталсан талаар РИА Новости /2016.10.14/ мэдээлсэн. Энэ хэлэлцээрийг Холбооны зөвлөл өмнө баталсан байсныг ийнхүү хүчин төгөлдөр болгосон байна.
 
Тэгвэл АНУ болон Их Британи зэрэг улсууд Апеппо дахь бөмбөгдөлт намжихгүй үргэлжилсээр байвал эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар ОХУ болон Сирийн Засгийн газарт анхааруулсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Алеппо дахь хямралыг “Хүмүүнлэгийн эсрэг ноцтой асуудал” хэмээгээд “ОХУ энэ дайн улс төрийн оролцоо, шийдэлгүйгээр төгсгөх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Өдөр бүр Алеппо хотод хүмүүнлэг үйл хэргийн эсрэг гэмт хэрэг болж байна” гэв. АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Ерөнхийлөгч Барак Обома өөрийн бүрэн эрхийн хугацаа дуустал Сиритэй холбоотой ямар нэгэн үйлдэл хийхгүй байх байр суурьтай байгаа аж. Уг үйлдэл гэдэгт хүмүүнлэгийн болон яриа хэлэлцээрийг багтаахгүй гэсэн юм.
 
Мөн Их Британий Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга Борис Жонсон ОХУ-ыг “Хүмүүнлэгийн төлөө болон Сирийн ард иргэдийн төлөө зев зүйл хий” хэмээн шаардаад талууд Женевт гал зогсоох хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн тэрээр “Эцэст нь энэ бүхэн Сири дэх гэмт хэргийг санаачилсан хүмүүсийг бага багаар идэж, тэднийг дахин энэ талаар бодоход хүргэнэ. Сирийн дэглэм болон түүнийг дэмжигчдэд нэмэлт хориг хэмжээ авах талаар анхаарч байгаа” зэрэг өөрсдийн байр суурийг хамгаалсан эсрэг талуудаа буруутгасан мэдээллийг өнгөрсөн нэг сарын хугацаанд ОХУ болон барууны орны удирдагчид гаргасан.
 
Мөн Сири болон Украинд болж байгаа асуудлаар өнгөрөгч долоо хоногт Берлин хотод “Нормандын дөрвөл” буюу Украйн, ОХУ,Франц, Германы удирдагчид уулзлаа. Хэлэлцээр дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлегч Владимир Путин сэтгүүлчдэд мэдээлэхдээ Орос улс Аллепод хүмүүнлэгийн зорилгоор галыг зогсоох түр завсарлагааг удаан хугацаагаар сунгахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. 
 
Харин Герман, Франц ОХУ-ыг Сирид дайны гэмт хэрэг үйлдэж байна гэсэн байр сууриндаа бат зогссон аж. Германы канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Сирийн нөхцөл байдал дахь улс төрийн үйл явцыг Орос эхлүүлсэн, үүндээ хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн аж. Учир нь Оросыг Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадад Аллепогийн баруун хэсэгт галыг зогсооход нөлөөлөх бүрэн боломжтой гэж үзэхийн сацуу ОХУ болон Сирийн террористуудын эсрэг явуулж буй агаарын цохилтыг “зэрлэг балмад” үйлдэл гэв.
 
Харин Меркель хэлэхдээ “Энэ бол Аллепогийн ард иргэдийн хувьд маш аймшигтай зэрлэг балмад үйлдэл болж байна. Агаарын цохилт бөмбөгдөлтөөс террористууд болон жирийн иргэдийг ялгах боломжгүй гэж үзэж байна” гэв. Хэлэлцээрийн дараа В.Путин хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд дээрх хэлэлцээрийг үр дүнг хангалтгүй байлаа хэмээн дүгнэсэн юм. Тэрээр дайны нөхцөл байдалд байгаа Сирийн улс төрийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд үндсэн хуулийг бэхжүүлэх арга хэмжээг авах шаардлагатайг онцолсон байна.
 
Сиритэй холбоотой асуудлын хажуугаар сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон ОХУ-ын хооронд зөрчил улам нэмэгдсэн. Тухайлбал, АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хакердсан хэрэгт ОХУ-ыг буруутгаж Вашингтон Сирийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх яриа хэлцлийг өнгөрсөн долоо хоногтзогсоосон. Мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байден ОХУ-ын Засгийн газрын цахим хаягуудыг хакердах ажиллагааг эхлүүлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Үүний хариуд ОХУ-ын армийн генерал Евгений Бужинский АНУ тулаан хүсч байгаа бол энэ нь дайныг эхлүүлэхийг анхаараарай хэмээн мэдэгдсэн.
 
Үүний зэрэгцээ энэ сарын эхээр ОХУ нь АНУ-тай хамтарсан цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой плутоныг устгах гэрээг зогсоосон нь Вашингтоны зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм.
 
АНУ болон ОХУ-ын харилцаа Украины зөрчил хямралаас хойш хүйтэн дайны хэмжээнд хүрч муудаад байсан дээр Сирийн асуудал нэрмээс болж, асуудлыг улам бүр даамжруулж байгааг олон шинжээчид дүгнэх болжээ.
 
Korrespondent.net
Эх сурвалж: “Соёмбо” сонин