sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулж зарим гишүүд аж ахуй нэгжүүдээ ялгаварлаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд нэмж ганц нэг салбарыг хөнгөлөлтөд оруулах шаардлагатай гэцгээж байгаа. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарт бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг хамруулах санал гарсан ч дэмжлэг авсангүй. Харин эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал дэмжлэг авлаа.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг