sonin.mn
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны гадаа Баянзүрх дүүргийн АН-ынхан жагсаал зохион байгуулж байна. 
 
Тэд Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тус дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан 6 хүний нэрийг хасах тогтоол гаргасан асуудлыг эсэргүүцэж байгаа аж. Дүүргийн ИТХ-ын урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүргийн 41 мандатын 22-ийг АН, 19-ийг МАН авсан. Гэвч тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий өчигдөр дээрх тогтоолыг гаргасан юм байна.  
 
Тогтоолыг эсэргүүцэн жагсагчид ЗДТГ-ын гадаа хэвтэж, замын хөдөлгөөний хааж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулж Замын цагдаагийн газраас Жагсаал цуглааны тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэхийг шаардлаа.
 
Тэдгээр иргэдийг Жагсаал цуглааны тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зохиомол түгжрэл саатал үүсгэж, тусгай албаны буюу эмнэлгийн, нийтийн тээврийн хөдөлгөөнийг хааж, иргэдийг бухимдуулан яаралтай тусламж авах шаардлагатай иргэд хохироож байна гэж үзжээ.
 
Жагсаал зохион байгуулагчдын хэв журмыг сахиулахаар цагдаа нар ажиллаж байна. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг