sonin.mn
Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө.
 
Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
 
Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн  Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт үүрэг болгов. Шилэн дансны хөтлөлт, мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд хуульд заасан хугацаанд тогтмол  нээлттэй байршуулж хэвшүүлэхийг Шилэн дансны хуулийн хүрээнд багтах бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгав.
 
Товч мэдээ
 
-  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн 4 салбар, чиглэлийн 383 зорилт тусгав.
 
-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцээд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-   Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-  Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд 2016-2021 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг дэмжив.
 
-  2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгох, хөрөнгийг нь нөхөн төлбөргүйгээр албадан хураахаас хамгаалах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
 
-  Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.