sonin.mn
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөртэй нь холбоотой хэвлэл мэдээллээр гарч буй зарим мэдээлэлд няцаалт тайлбар хийлээ.
 
Тэрбээр мэдээллийн эхэнд гурван асуудалд тайлбар хийнэ гэдгээ тодотгоод, нэгдүгээрт хэвлэлээр гарч байгаа 18 тэрбум төгрөгийн өр зээл өөрт нь огт байхгүй гэдгийг мэдэгдэв.
 
Тодруулбал АТГ-аас гаргасан төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэн Ц.Мөнх-Оргил сайд "МСS" группт нийт 18 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар тэрбээр “УИХ-д нэр дэвшихэд ч, УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдоход ч, одоо ч надад тийм хэмжээний өр байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Өмнө нь  2013 оноос 2016 оны таван сар хүртэл байсан. Гэхдээ энэ бол санхүүгийн тайлангийн бичилт. 2013 оны 4 дүгээр сард манай гэр бүлийн хүн “Гоёо” компанийг "МСS холдинг"-оос худалдаж авсан.
 
Ингэхдээ 25 хувийн төлбөрийг бэлнээр төлж, 75 хувийг зээлээр авсан. Тиймээс миний бие "МСS" эсвэл өөр нэг компаниас бэлнээр эсвэл шилжүүлгээр өөрийн дансанд ямар ч мөнгө аваагүй. Нэгэнт санхүүгийн тайлангийн бичилтэд манай гэр бүлийн хүнд өр бичигдсэн байсан тул ХОМ-т тайлагнана. 2015 оны 12 сарын 31-ний байдлаар ХОМС мэдүүлсэн. Түүнээс хойш 2016 оны тавдугаар сард хувьцааг буцаан өгч, өр тэглэгдсэн. Өнөөдөр манай гэр бүлийн хүн ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэв.
 
Тэрбээр мөн “Ц.Мөнх-Оргил орон байргүй” гэсэн мэдээллийг няцааж, АТГ-аас ХОМ-ийг олон нийтэд нээлттэй тавихдаа техникийн алдаа гаргасан гэдгийг хэлж байлаа. Үүнээс гадна сайдын албан тушаал авснаасаа хойш ГХЯ-нд улс төрийн томилгоо хийгээгүй гээд “ГХЯ 13 газар, хэлтэстэй. Албан тушаал авснаас хойш нийт 7 газрын дарга солигдсон, 6 нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа.
 
ГХЯ-ны онцлог бол дипломатууд байнга шинээр ажилд томилогддог, хугацаа нь дуусахаар төвдөө эргэж ирдэг учир хүссэн хүсээгүй 3-4 жилийн интервалтай ажлаа сольдог. Шинээр томилогдсон ч, одоо ажиллаж байгаа ч бүх газар хэлтсийн дарга нар дипломат албанд олон жил ажилласан, ГХЯ-ны унаган ажилчид байгаа.
 
Гаднаас буюу өөр албан тушаалаас ирсэн нэг ч хүн байхгүй, бүгд дипломат ажлаа хийгээд дараагийн албан тушаалд дэвшээд явж байна. Энэ 13 хүний дунд хувийн ашиг сонирхлоор эсвэл намын шахалтаар хийсэн томилгоо байхгүй” гэсэн юм.
Мэдээллийн дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Монгол Улсын гадаад өрийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөр авах эсвэл олон улсаас зээл авах гэсэн сонголттой байгаа. Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа тухайд Засгийн газрын гишүүний хувьд тайлбар өгөөч?
 
-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар 2 удаа, ҮАБЗ-өөр нэг удаа хэлэлцсэн. Өнөөдөр дахиж хэлэлцээд, маргааш өглөө УИХ-ын даргад өргөн барина. Энэ хөтөлбөрт олон арга хэмжээ тусгасан байгаа. Хамгийн том тулгамдсан асуудал нь өр. 2017 оны тавдугаар сарын 30-нд бид хамгийн эхний төлбөр 580 сая ам.доллар төлнө. Үүнд бид зарчмын хоёр байр суурь баримталж байгаа.
 
Нэгдүгээрт ОУВС буюу олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохирч, Монгол Улсын өр, эдийн засгийн хямрал, өсөлтийг тусгасан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх нь дан ганц манай Засгийн газраас шалтгаалах зүйл биш, нөгөө талаас бидэнд тавих санал, сонирхол, санал болгох хөтөлбөр зэргээс шалтгаална. Хэлэлцээр бол эхэлсэн. Энэ сарын 20-нд ОУВС-ийн төлөөлөгчид ирж, улсын дотоод нөхцөл байдал, юу хийх шаардлагатай зэргээр мэдээлэл цуглуулж байгаа. Засгийн газар, Монголбанк, Сангийн яамныхан уулзаж мэдээ баримтуудаа тулгаж байгаа. Дараа нь хэлэлцээ эхэлнэ.
 
Бусад орноос хөнгөлттэй зээл авах эсэх асуудлыг мэдээж судалж үзэхээс аргагүй. Ганцхан БНХАУ биш ОХУ, Солонгос, Япон зэрэг түншийн харилцаатай орнууддаа санал тавьж байгаа. Гэхдээ ОУВС болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын хүрээнд үүнийг зохицуулна.  
 
-Монгол Улсын иргэд гадаадын улс орнуудад гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн гадаадад ял эдэлж байна вэ?
 
-Монголчууд олноороо ажиллаж амьдарч байгаа улсуудад энэ асуудал их байна. БНХАУ-ын хууль тогтоомжоор хамгийн их цээрлэл хүлээдэг хар тамхины гэмт хэрэгт холбогдож байна. Монгол Улсын 100 гаруй иргэн дэлхийн 8 оронд ял эдэлж байна. Манай консулын ажилчид байнга уулзаж, ялтан шилжүүлэх ажлыг хийхээр ажиллаж байна. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг