sonin.mn
Гадаад паспортын захиалгыг ирэх сарын 01-нээс Дүнжингарав, Мишээл, Драгон дахь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд шилжүүлэх болсон талаар өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас мэдээлэв.
 
Мөн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэх болжээ. Ингэснээр гадаад паспорт олгох, сунгах үйлчилгээний ачаалал буурч, түргэн шуурхай болно хэмээн ОӨУБЕГ-ын удирдлагууд үзэж байгаа аж.
 
Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд гадаад паспортын бэлдэцийн хомсдлоос үүссэн ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулжээ. Ингэснээр 36 мянга 751 гадаад паспорт шинээр олгож, 24 мянга 944 паспортын хүчинтэй хугацааг сунгасан хэмээн ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү онцлов.
 
Тэрбээр, “Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр хаягийн сангийн удирдлагын програмыг шинээр боловсруулж, хаягийн мэдээлийг боловсронгуй болгосон. Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан  “Ухаалаг засаг” төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг цахим системд шилжүүлэхээр ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн  архив цахим хэлбэрт шилжиж, аймгийн бүртгэлийн төвүүдийг нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрднэ” гэлээ.
 
Тус байгууллага шинэ Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 19 мянга 287 төрсний, 3984 гэрлэлтийн бүртгэл хийжээ. Мөн 16 нас хүрсэн 11 мянга 945 хүнд шинэ иргэний үнэмлэх олгожээ. Түүнчлэн 2780 хуулийн этгээд буюу 2087 компани, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 5, 71 төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар бүртгэж, 9012 иргэнд газар өмчлөх эрх олгосон байна.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг