sonin.mn
 Хөрөнгөтэй бэл бэнчинтэй гадныхны хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хялбар. Учир нь тэд хуримтлалтай, дээр нь хөрөнгөтэй хүмүүс.
 
Харин нүүдэлчин монголчуудын хувьд энэ зах зээлд тоглолт хийж хөрөнгө босгохоор 25 жил ажилласан ч нэг л шийдлээ олсонгүй гэдгийг “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийн төлөөлөгчид онцолж байна.
 
“Цаас” барьцаалж олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох хөрөнгийн зах зээл нэг зогсоолд удах нь хэмээн салбарынхан нэгдэж шийдэлд хүрэхээр өнөөдөр Төрийн ордонд чуулж байна.
 
 
 
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны санаачилгаар өрнөж буй  “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж үг хэлсэн юм. Тэрээр асуудлыг хамтран хэлэлцэж, ур ухаанаа уралдуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь хамгийн оновчтой хувилбар бөгөөд  шинжлэх ухааны үндэслэлтэй арга замыг сонгох нэг  хөшүүрэг гэдгийг тодотгосон юм. 
 
Засгийн газар хямралын үед хөрөнгийн зах зээлд илүүтэй анхаарч, үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлээр дамжин хэрэгжих төслийг олшруулахын төлөө шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
 
Ерөнхий сайд, “Монгол Улсад урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон талын эх үүсвэртэй, санхүүжилтийн маш сайн тогтолцоо хэрэгтэй байна. Энэ тогтолцоо нь зөвхөн банкны салбараас бус санхүүгийн зах зээлийн найдвартай, ирээдүйтэй тогтолцоон дээр тулгуурлах шаардлагатай. Иймээс бид арилжааны банк давамгайлсан тогтолцооноос банк, санхүүгийн зах зээлийн төрөлжсөн тогтолцоонд шилжих, аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон улсын шинэлэг арга зүйд суралцан, үр бүтээлтэй нэвтрүүлэх шаардлагатай болж байна” хэмээн онцлов.
 
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр эхний илтгэлийг тавьсан юм.
 
Тэрээр хөрөнгийн зах зээлд хийсэн судалгааны дүнг танилцуулав. Судалгаагаар иргэд үнэт цаасны компаниудын мэдээлэлд төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ. Учир нь тус компаниуд хангалтгүй мэдээлэлтэй байгаатай холбоотой аж. Харин судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь Эрдэнэс тавантолгойн хувьцаанд итгэж байна гэжээ. Мөн судалгаагаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол хөшүүргийг нэгдсэн бодлого урагшлуулна хэмээн  иргэд тодотгосон байна.
 
 
 Үүний дараа Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Төрийн өмч хувьчлалд оролцсон хөрөнгө оруулагчийн туршлага, цаашид анхаарах зүйлүүд” сэдвээр илтгэл тавив.
 
Тэрээр иргэд банкинд мөнгөө хадгалуулахаас илүүтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулснаар илүү ашиг хүртэнэ гэдгийг онцолсон. Үүнийгээ жишээн дээр тайлбарласан юм. 10 жилийн өмнө АПУ ХК-ийн хувьцааг 5 сая төгрөгөөр худалдан авсан бол одоо 32 тэрбум төгрөгт хүрэх боломж байсан гэв. Мөн тэрээр Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрлүүдээ богино хугацаанд олгож, авдаг хураамж шимтгэлээ түр хугацаанд тэглэвэл олон компанид өгөөжөө өгч, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.
 
Яг одоо Хөрөнгө оруулалт татах боломж, шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн зах зээлийн хөгжил ба шинэ бүтээгдэхүүн, дотоодын эдийн засгийн хөгжилд  Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол гэсэн сэдвийг хөндөх юм.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг