sonin.mn
Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулж буй Мөнгөн Акбузат /далавчтай шидэт үлгэрийн морь/ кино урлагийн наадмыг “Ээж “/Мать/ Монголын уран сайхны киногоор Родина кино театрт орон нутгийн цагаар 11.00 цагт нээнэ.
 
"Чононгоо фильм продакшн"-ний бүтээл тус кинонд монголын ахуй амьдрал, эхийн сэтгэл, өвөрмөц сэтгэлгээг харуулж чадсанаараа онцлогтой. Тус киноны ээжийн дүрийг Ардын жүжигчин Д.Мэндбаяр бүтээсэн юм.
 
Энэхүү кино наадамд бүрэн хэмжээний, богино хэмжээний, баримтат, анимэйшн төрлийн кинонууд оролцдог байна. Цөөнх үндэстний орнуудыг хамардаг тус наадамд 42 бүтээлийг дэлгэцэнд толилуулах юм.
 
Үндсэн 9 номинациар шилдэг бүтээлүүдийг шалгаруулан энэ сарын 28-нд шагнал гардуулах үйл ажиллагаа болох аж.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг