sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-ын түүхэн дэх хамгийн их мөнгө зарлагадсан сонгууль болж магадгүй. Нэр дэвшигчид болон улс төрийн намууд сонгуулийн кампанит ажилд 6.6 тэрбум доллар зарцуулаад байна гэж Вашингтонд төвтэй “Хариуцлагатай улс төрийн төв” ашгийн бус судалгааны байгууллага (CRP) мэдэгдлээ.
 
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, түүний өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар сонгуульд нийтдээ 1.13 тэрбум долларыг аль хэдийн зарцуулаад байна. Энэ нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан мөнгөнөөс 100 сая доллароор давсан тоо ажээ.
 
Тус байгууллагын мягмар гарагт гаргасан тайланд “одоогийн байдлаар нэр дэвшигчид, намууд болон бусад талуудын зарцуулсан мөнгөний хэмжээ бараг 6.6 тэрбум долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, талууд хамгийн сүүлд болсон сонгуульд зарцуулж байсан мөнгөнөөс 86.5 сая доллароор илүү их мөнгө зарлагадаад байна” гэж дурджээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-нд болно. Гэхдээ олон муж улсад урьдчилсан санал хураалт хэдийн эхэлжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг