sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноосТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа төслийн танилцуулгыг хийв. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хангахаас илүүтэйгээр санхүүгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, улсын валютын нөөцийг сэргээх арга хэмжээ авахаар мөнгөний бодлогын төсөлд тусгажээ.
 
Улсын валютын нөөцийг сэргээхийн тулд төсвийн нэгдсэн, зохистой бодлого явуулах, өрийн эргэн төлөлтийг зөв удирдах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлийг анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Мөн Монголбанкнаас мөнгөний бодлогын нөлөө нь нэг жилээс цааш хугацаанд эдийн засагт байдаг тул “Ирээдүйг чиглэсэн” мөнгөний бодлогын шийдвэр гаргах зарчим баримталж байгаагийн зэрэгцээ хүүгийн нэгдсэн бодлого явуулахаар төлөвлөжээ.
 
Ингэснээр бодлогын хүүний нөлөө сайжирч, төгрөгийн ханшид үзүүлэх дарамт багасах төдийгүй банк хоорондын зах идэвхжинэ гэж үзэж байгаа аж. Ийнхүү төслийн танилцуулгын дараагаар хэхэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлсэн. Энэ үеэр тэдний зүгээс Монголбанкнаас өргөн мэдүүлсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг сайн болсон гэж үзэж, хямралаас гарах чиглэлийг сайн харсан төсөл төдийгүй мэргэжлийн төвшинд хийсэн танилцуулга болсон гэдгийг хэлж байлаа.
 
Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Би өмнө нь мөнгөний бодлогын талаар ийм танилцуулга сонсч байгаагүй. Энэ удаагийн танилцуулга мэргэжлийн төвшинд сайн хийжээ” гэж Байсан бол Монголын металл, уул уурхайн шинжээч Ч.Эрдэнэдалай “Монголбанкнаас өргөн мэдүүлсэн мөнгөний бодлогын баримт бичгийг судалж байгаа.
 
Эрсдэлийг урьдчилж харсан, няхуур ажиллаж чадсан гэж үзэж байна. Дунд, урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөх гол чиглэл баримталж байгааг зөв алхам болсон” гэсэн юм. Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлсэн саналдаа “Хямралаас гарах эхний зорилт бол эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
 
Одоогоор манай улсын өрсөлдөх чадвар дэлхийн 140 орноос 104 дүгээрт явж байна. Мөн хувийн секторын үүрэг хариуцлагыг шинээр харах шаардлага үүсч байна. Аливаа бүх үйлдэл хувийн секторт үйлчилж чадаж байгаа эсэхийг мэдэх ёстой гэсэн үг.
 
Төслийн танилцуулгад маш чухал нэг дүгнэлт хэллээ. Зөвхөн мөнгөний бодлогоор хямралаас гарахгүй гэдэгтэй санал нэг байна. Төсөв, мөнгө болон бусад бүх бодлого уялдаж байж хямралаас хурдан гарна. Ямар ч бодлого гаргасан уул уурхайн болон уул уурхайн бус салбар гэж ангилж гаргах хэрэгтэй. Мөнгөний болон төсвийн бодлого хоёр уялдахгүйгээр эдийн засгийн хямралаас гарах боломжгүй” гэв.
 
Харин Монголынбанкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Болд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлал, агуулгатай санал нэг байгаа. Дэмжиж байна. Эдийн засаг, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тодорхой саналаа бичгээр гаргаад Монголбанкинд хүргүүлсэн. Олон улсын байгууллагуудын өгсөн санал бүр зөв байдаггүй, алдаа дутагдалтай зүйлүүд. байдгийг харгалзан үзэх нь зүйтэй” хэмээн саналаа илэрхийлсэн юм.
 
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин