sonin.mn
Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “Монгол нэхмэл” ХК-ийн ерөнхий захирал Р.Энхболдтой ярилцлаа.
 
-“Монгол нэхмэл” ХК 1934 онд байгуулагдсан гэхээр хэзээ хувьчилж  авсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
 
 -Ер нь бол 1991 онд хувьчлагдсан. 2001 онд хувьцааны давуу эрхээр худалдаж авсан. Хуучны хувьцаат компаниуд шиг эзэнгүй үйлдвэр хүлээж авсан. Маш их хөрөнгө оруулалт хийсэн. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж ноос, ноолуур, сарлаг, тэмээний ноос зэрэг дөрвөн төрлийн ноосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
 
Хөнгөн үйлдвэрийн ноос ноолуурын үйлдвэрлэл гэж явдаг. Хуучин аж үйлдвэрийн  яаманд харьяалагдаж байсан боловч, ХХААХҮЯ гээд, илүү их  мөнгө  олдог хөдөө аж ахуй руу гол анхаарлаа хандуулаад, хөнгөн үйлдвэрийг орхигдуулж байна.  Угтаа  бол эсрэгээрээ, хөнгөн  үйлдвэр нь олон  ажлын байр  бий болгодог, нийгэмд хамгийн том байр суурь  эзлэх ёстой салбар. Хуучин сүлжмэлийн үйлдвэр, оёдлын  үйлдвэрүүд гээд хэдэн зуун  хүн ажилладаг байсан.
 
-Энэ салбарт бодлого дутагдаад байна гэж та хэлэх  гээд  байна уу?
 
- Бидэнд маш их давуу тал  онцлогууд байна. Ноолуурын зах зээлд, манайх дэлхийд хоёр дахь  том  түүхий  эд нийлүүлэгч. Хамгийн том нийлүүлэгч нь Хятад. Хятад ноолуур нарийн ширхэгтэй байдаг. Ноолуур нарийн байх тусмаа тансаг зэрэглэлд ордог.
 
Дийлэнх хонь нь  цагаан бол, монгол ноолуур натурал таван өнгөтэйгөөрөө илүү давуу талтай. Микроноор харьцуулбал тансагаас  нь өгсүүлээд 16-17 хүртлээ,  Австралийн хонины ноосноос ч бүдүүн ширхэгтэй ямааны  ноолуур  байна. Тэгэхээр төр  засгаас  бодлого  явуулж, нарийн талруу нь үржүүлгийн силекци хийх хэрэгтэй байгаа юм. Силекцийн асуудал нь хэдэн арван жилээр  хэмжигддэг учраас дан ганц  хувийн сектор хийнэ гэдэг  хэцүү л дээ.  Тэгэхээр хууль эрх зүйн  заалт дэмжлэг байх хэрэгтэй.
 
Улс орныхоо ирээдүйг  бодсон ч тэр,  эх орон ч  шийдвэрийг зоригтойгоор  гаргах  хэрэгтэй байгаа юм. Сая хориг  тавиад  татвар  нэмье гэхэд, малчдын зүгээс түүхий эдийн үнийг үнэгүйдүүллээ, бид банкны  зээлээ төлж чадахгүй байна гэх эсэргүүцэлтэй тулгарлаа.  Үйлдвэрээ бодоод  биднийг  амьдралгүй болголоо гэлцэж байна л даа. Нөгөө талдаа арьс  ширний үйлдвэрүүд шиг, түүхий  эдээ ч  авч  чадахгүй Хятадын  хараанд  орчихож байгаа юм. Хятад эхний удаад  үнэтэй авна. Болж өгвөл ноолуураа угааж  гаргахгүй, самнаж гаргамаар байна. Угаасан ноолуураа татвартай болгоод, самнасанаа татваргүй болгочихвол, самнах үйлдвэрүүд хөгжинө.
 
Тэгэхээр тодорхой  хэмжээний  нэмүү  өртөг  Монголд  шингэж байгаа юм. Алсдаа самнах үйлдвэрүүд  бүрэн хүчин чадлаараа ажиллаад, хөгжөөд ирэхээр ээрэх үйлдвэр оруулж ирэх хэрэгтэй. Самнасан дээр татвар тавиад, ээрсэн утас үйлдвэрлэсэн тохиолдолд татваргүй болгох зэрэг зохицуулалт хийх хэрэгтэй байна.  Тэгэхээр ээрэх үйлдвэр хөгжинө. Улмаар Хятад улсад манай түүхий  эдийн хомсдол бий болж, үнэ өснө. Хятадад асар  том масс үйлдвэрлэл явагдаж байгаа учраас манайхаас түүхий  эдээ авч чадахгүй болчихоор үйлдвэрлэл нь багасаад түүхий  эд нь өснө гэсэн үг л дээ.  Тэгэхээр бидний өрсөлдөх  үнэ  гарч ирнэ.
 
Өнөөдрийн хувьд Хятад Монголоос хамаг  түүхий эдээ аваад маш ихээр үйлдвэрлэж байгаа учраас бид Хятадтай өрсөлдөх хэцүү байгаа юм.  Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд түүхий эдийнх нь нийлүүлэлтийг эндээ боогоод байх ёстой. Тэгж чадвал  үйлдвэрүүд маань шат дамжлагатайгаар хөгжинө. Төрөөс та нарт зээл  өгчихсөн  та нар улсаас  мөнгө  авчихаад  яагаад юм хийхгүй байгаа юм гэдэг. Зээлээр тоног төхөөрөмж  аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зах зээл нь байдаггүй. Зах зээл  байхгүй байхад бид  яаж  хөгжих вэ?.
 
-Ноос ноолуурын нэгдсэн холбоогоор дамжуулж дуу хоолойгоо хүргэвэл илүү ажил хэрэг болох биш үү. Каластер бий  болгоод  ажиллавал илүү хөгжих боломж бий гэж  яриад байна. Энэ тухай?  
 
-Манай салбарт каластерын суурь дөнгөж тавигдаад нураад уначихсан. Бид нэгдээд монгол хонины ноосоор сурагчийн дүрэмт хувцас хийхээр болсон. Боловсролын сайд асан Л.Гантөмөр биднийг сайн чиглүүлж, малчдаас ноосоо аваад, сургуулиудаас захиалгаа аваад яг тоо ширхэгээр  нь үйлдвэрлэе гээд их гоё  юм ярьсан л даа. Гэвч хууль  дүрэм гээд бид дутуу тооцоолсноос болоод нураад уналаа. Дөчин хувийн монгол хонины ноос, 60  хувийн акрилтай даавууг Солонгост хийлгээд оёдлын  үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас хийсэн.
 
Нэхмэлийн үйлдвэрүүд сурагчийн майк хийсэн. Н.Алтанхуяг сайд биднийг хүлээн авч уулзаад, загварыг нь батлаад иж  бүрдэл дүрэмт хувцасыг 100  гаруй  мянган  төгрөгөөр үнийг нь тогтоосон. Эцэг эхчүүд ноосон майк нь хямдхан юм байна,  ийм майкаар нь ижилсчихье гэсэн. Оёдлынхон боловсролын яамтай ойр ажилладаг давуу талаа ашиглаад, өөрсдийн дүрэмт хувцасаа зарж, майк бол нэмэлтээр, авахгүй  ч байсан болно гээд хэрэглэгчдийн болон бидний эрх ашгийг зөрчсөн. 
 
Бид боловсролын яамнаас авсан захиалгын дагуу хоёр сарын дотор, хоёр тэрбум шахуу төгрөгийн майк үйлдвэрлэсэн байсан. Одоо манай агуулахаар дүүрэн хэвтэж байна. Уг нь сурагчийн дүрэмт хувцасаа хэрэгжүүлээд  явж  чадсан  бол,  том жижиг 38 компани нэгдэн орсон байсан. Жил бүр 450-520 мянган хүүхэд сурч байгаа учраас энэ төсөл хэрэгжсэн  бол бид хүмүүсийнхээ цалинг тавиад, тогтвортой ажиллаад  явж  болох байлаа.
 
Хуучин аж үйлдвэрийн яамнаас сурагчийн дүрэмт  хувцас хийхэд дэмжлэг өгсөн байсан. Харин одоо биднийг  шүүхэд өгчихөөд байгаа. Хурдан хугацаанд  нийлүүлэхийн тулд бид ч зээлээс гадна өөрсдөөсөө хөрөнгө гаргасан байсан. Түүгээрээ  хүртэл шатчихаж байгаа юм л даа. Энэ мэтийн монголчуудын нэгдэж чаддаггүй, уялдаа холбоогүй байдлаас  болоод бид маш их  хохирол амссан. Монголд каластер хөгжихгүй байгаагийн  нэг  шалтгаан бол энэ. Үндэсний үйлдвэр хөгжих  ёстой гээд л мундаг яриад байдаг. Хамгийн амархан хөгжих ёстой газраа хөгжүүлж  чадахгүй байна.
 
-Харин ч хэрэглэгчид үндэсний  үйлдвэрлэлээ дэмждэг болсон биш  билүү?
 
-Дэмжиж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зөв  сонголт  хийх  хэрэгтэй.
 
-Юу гэсэн үг үү?
 
-Нарантуул зах,  үндэсний үйдвэрлэл нэртэй үзэсгэлэнгүүдэд орж байгаа байгууллага, хувь  хүмүүс  хятад утсаар оёсон бүтээгдэхүүнээ 100 хувь монгол хонины ноос гээд зарж байгаад бид их эмзэглэдэг. Эх оронч  худалдаа гэсэн хэрнээ хятад утсаар  оёсон  бүтээгдэхүүн маш их байна.  Өвөр монгол найз маань нэг удаа та нар хятад  цэргийн бандаашийг биедээ углаад  явж байгаагаа мэдэх үү гэсэн. Нэг ёсондоо тэр олон сая Хятад  цэргүүдийн хувцасыг боловсруулаад буцаагаад утас болгон ашигладаг байгаа юм. Бид хятад утсыг шинжлүүлж үзсэн л дээ.
 
Хорь хүрэхгүй  хувийн ноосны орцтой. Үлдсэн нь туулайн үс болон, хуучин хувцасны утас байсан. Тэр утасаа  бэхжүүлэхийн тулд химийн  ширхэг элемент  хэрэглэнэ. Харахад нээх гоё утас.  Өмсөнө хөлөрнө, хөлрөнгүүт хүнд  металл нь  хүний хөлсний  нүхээр орж, элдэв  өвчин үүсгэдэг. Монголчууд бид идэж ууж байгаа хүнсээ ярихаас,  өмсч байгаа зүйлээ ярихгүй байна.  Ямарч утас химийн  ширхэгтэй  юмуу, байгалийн ширхэгтэй  юмуу гэдгээ тодорхой  заачихсан стандарттай байх ёстой. Хэдэн хувийн  юу  юуны  орцтой,  ямар холиотой байх вэ гээд шошгон дээрээ гарал үүсэл нь  тодорхой  байх ёстой. Жижиг дунд өрхийн үйлдвэрлэлээ  хөгжүүлж  болно.
 
Бид өчнөөн ажлын  байр бий болгоод нэмүү өртөг шингээгээд зовж юм хийдэг. Гэтэл нөхдүүд Хятадаас хэдэн чингэлэгээр нь  авчираад зарчихаж байна. Зах зээлийн жамаар хямдхан бараа  оруулж ирж болох ч  хэрэглэгчийг  хуурч  болохгүй. Үүнийг Шударга өрсөлдөөний  газар, Мэргэжлийн хяналтын газар зохион байгуулалтад  оруулаад,  шударгаар өрсөлдүүлэх хэрэгтэй байгаа юм. Ер нь үндэсний аюулгүй байдлаа бодсон ч  тэр хилээр орж  ирж байгаа хятад утсыг болиулах  хэрэгтэй
 
-Танай ноос ноолууран нөмрөг өнгө загварын хувьд бусдаасаа эрхгүй ялгардаг. Их сайн дизайнертай байх гэж бодогдсон?
 
-Манай компа­нид тусгайлсан д­и­зай­нер  байхгүй. Инжене­рүүдтэйгээ ярьж байгаад загвараа гаргаж ирдэг. Дизайнер  гэж  нэг хүнд даатгахаасаа  илүү, бидний бизнес учраас өөрсдөө орж, өөрсдийнхөө санааг  тусгахыг  хичээдэг.  Дэлхийн  Fashion шоунууд, үзэсгэлэнгүүд жил бүр болж байна. Трэнд  өнгө загварыг жилийн өмнөөс, хоёр жилийн өмнөөс тодорхойлчихдог. Дэлхий нийтийн жишиг  өнгө гэж бий.
 
Үүн дээр нь бүтээгдэхүүндээ монгол гэсэн онцлогоо шингээгээд  үйлдвэрлэхийг бид зорьдог.  Манай компани “Говь” ХК-иас, “Гоёо” , “Эвсэг” ХХК-иудаас ялгарах өөрийн онцлогтой. Дизайны хувьд  байгаль  болон  дүрслэлээс  гарч ирдэг болохоор бид аль болохоор шинэлэг өвөрмөц бүтээгдэхүүн  хийхийг  зорьж ажилладаг.  “Говь” ХК даавууны боловсруулалтдаа илүү байхад, манайх  нэхмэлийн технологи дээр  илүү нарийн өвөрмөц шийдэлтэй хийж байгаа.
 
-“Говь”ХК ноолууран пальтогоороо дэлхийд танигдана гээд алсын хараагаа тодорхойлчихлоо. Танай компани алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ?
 
-“Говь” ХК бол бидний луужин  юм л даа. Ийм  компани байх  ёстой. Байх байхдаа  бүр  олон байх ёстой. Тэгж  байж бид өрсөлдөнө. Тиймээс бид  “Говь” ХК-д маш их баярлаж байгаа. Загвар, үнээрээ дэлхийд өрсөлдөнө гээд, дэлхийн хэмжээнд ярьж чадаж байна. Манай компанийн хувьд хөгжил явагдаж байгаа. Гэхдээ арай болоогүй байна.  Хөгжил нь, түүхий  эд, тоног төхөөрөмж,   хүний нөөц зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаална. Хүнээр ярих юм бол юм түшээд явж байгаа  хүүхэдтэй ижил түвшинд  байна. Loro piana, Zene зэрэг дэлхийн том компаниуд,  манай түүхий эдээр л ноолууран  даавуу хийж байна.  Тэгэхээр бидэнд дэлхийд гарах боломж байгаа ч,  багагүй хугацаа орно. Бид тэмүүлж л явна.
 
- Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнүүдийг “Маx mara”, “Zara”   “H&M” зэрэг гадны брэндийн нэхмэл бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад чанар загварын хувьд илүү гарна уу гэхээс  дутахааргүй харагддаг. Тэгэхээр гадны зах зээлд гарах гарц байгаа юм биш үү? 
 
- Технологи нь ерөн­хийдөө  адилхан . Загвар болон, ноос  ноолуурын  чанараар илүү байна уу гэхээс дутахгүй. Олонд  танигдсан  брэнд нэрэндээ  л байгаа юм. Гадны компаниуд  өнгө загвараа, тухайн  зах зээлээ илүү  мэддэг  учраас яалт ч үгүй бид хамтарч  ажиллах шаардлага  гарч байгаа юм.  “ZARA” гэхэд л  нэг орны  салбар  дээрээ хэдэн зуун мянгаар үйлдвэрлэх  жишээтэй. Тэрийг нь манай хэдэн компани ний­лээд ч  барахгүй болохоор  биднийг  тоохгүй  орхидог.
 
-Манай зохиолчид, кино уран бүтээлчид www.ebay.com, aмazon.com, зэрэг олон улсын худалдааны сайтаар бүтээлээ худалдаад эхэлчихлээ.  Онлайнаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг танай компани хэрхэн ашиглаж байна вэ?
 
- Мэдээж бидэнд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах зорилго байгаа ч  хөгжлийн хувьд арай болоогүй байна. Түрүүн  хэлсэнчлэн  хүнээр яривал таван настай  хүүхэд, арван настай хүүхэдтэй уралдвал бүдрээд унана биз дээ.  Монголд дэд бүтэц  нь хөгжөөгүй учраас, ложистикийн асуудал маш  хүнд.  Аль нэг улсаас  онлайнаар ноолууран цамц захиаллаа гэж бодоход,  цамцны үнэнээс гадна тээврийн зардал нь 100 хэдэн  доллар болох жишээтэй. Тэгэхээр  гадаад  зах зээлд  онлайнаар  худалдаа хийх маш хэцүү. Нэг бол тухайн  улсад  нь  өөрийн гэсэн агуулахтай  байж худалдах  боломжтой. Энэ мэт олон шалтгаан бий л дээ.
 
-Компаниуд хөгжихийн хэрээр тогтвортой хөгжлийн бодлогыг үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон авч  явж байна.  Танай компанийн хувьд амьтаны амь таслахгүй, байгаль  орчинд  ээлтэй байх зэрэг соёлыг нэвтрүүлэхэд илүү тохиромжтой бизнес шиг харагдаж байна?
 
-Тэгэлгүй яахав. Тогтвортой хөгжлийн бодлогоор л бидний бизнес явж байна. Хөгжингүй байгууллагууд ч тийм  шаардлага  тавьдаг болсон байна. Амьтны амь таслахгүй, байгаль орчинд халгүй учраас бидний  бизнес  цэвэр. Компанийнхаа бодлогод үндэслэн, хөгжлийнхөө шатандаа  тогтвортой хөгжлийн  бодлогоо зэрэг нэвтрүүлээд явах зарчмыг бид барьж байгаа.  Гагцхүү тэр боломжийг  хурдтайгаар  ашиглаж өөрийн болгох  хурд  бидэнд дутагдаад байна.
 
Ганц компани гэлтгүй хэрэглэгчид ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд  эх оронч хандлагатай байж л энэ хямралыг даван туулж, хөл дээрээ  тогтох  хэрэгтэй байгаа юм. Хэвлэл мэдээллийн та бүхний үүрэг ч үүнд маш  их. Үндэсний аюулгүй  байдлаа бодсон ч тэр, гарал үүслийн баталгаагүй хятад муу утсаар хийсэн бүтээгдэхүүн авахгүй байхыг уриалж, энэ талаарх ойлголтыг хүмүүст тасралтгүй өгөх  хэрэгтэй. Байнгын  сэдэв  болгон, хүмүүсийн сэтгэлд  хоногшуулаад өгвөл  нээрээ муу  утсаар хийсэн хувцас  авахгүй  байя  гэж боддог  болно.
 
Л.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин