sonin.mn
Монгол Улс хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатайг Европын холбооны мэргэжилтнүүд зөвлөж байна.
 
       “Блью Скай” зочид буудлын  хурлын танхимд болсон “Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин” сэдэвт семинараар хүнсний бус бүтээгдэхүүний хяналт, шалгалт,  бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх Европын холбооны туршлагаас танилцуулсан юм. Тус семинарыг  МХЕГ, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж  буй Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.  
 
      Манай улсын хувьд импортлогч орон  учраас гадны барааны гарал үүслийг мэдэхгүйгээс болж эрсдэлтэй бүтээгдэхүүн худалдан авч, улмаар  эрүүл мэндээ хохироох  явдал ихсэж буйг албаныхан онцолж  байна. Тухайлбал манай улс БНХАУ-аас  хүүхдийн тоглоомын 90 орчим хувийг импортолж буй бөгөөд МХЕГ-аас  30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс  дээж авч шинжлүүлж буй аж. Харин Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хүүхдийн тоглоомоос авсан дээжийн  20 орчим хувь нь  хүүхдийн биед хортой гэдэг нь тогтоогджээ.  Тиймээс  энэ эрсдлийг бууруулахын тулд хууль эрхзүйн орчноо сайжруулж, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай үндэсний стандарттай болох шаардлагатай гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдлээ.
 
 Оролцогсод ийнхүү ярьж байна.
-МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд :
   -Өнөөдөр хяналт тавихаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй ч  хараа хяналтаас гадуур бүтээгдэхүүнүүд их орж ирж байна. Үүнийг цэгцлэхэд хууль эрхзүйн орчин тусална. Манай улсын хувьд хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль байдаггүй. Хэдхэн хуулийн заалтаар хэмжигдэж буй учир  хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдал жилээс жилд нэмэгдсээр байна.  
 
Тухайлбал сүүлийн таван жилийн дунджаар хүүхдийн осол, гэмтлийн тохиолдлын 11.8 хувийг түлэгдэлт эзэлжээ.  ГССҮТ-д өдөрт  10-15 насны хүүхэд халуун тогооны улмаас  түлэгдэж  байна.  Тус эмнэлэгт эмчлүүлэгсдийн 50 хувь нь  6 сараас 3 нас хүртэлх хүүхэд юм. Эдгээр хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч, халуун савнаас болж түлэгдсэн байдаг бөгөөд үүний 80 орчим хувь нь  халуун тогооноос болсон байх жишээтэй.
 
 Эндээс харахад хэрэглэгчид бүтээгдэхүүний аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрддөггүй, гарал үүсэл нь тодорхойгүй шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрэглэж буйн илрэл юм. Мөн  өнгөрсөн онд   Хятад мотоциклтой явж байгаад осолдсон 371 тохиолдол гарч, үүний улмаас 112 хүн амь насаа алдсан тоо баримт бий. Яагаад зөвхөн хятад мотоцикл осол гаргаж байна вэ гээд судалхад хайлшийн обуд нь доргилтоос болж хагарч эрсдэл үүсгэж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд хуулийн хөшүүрэг хэрэгтэй.
 
 -“Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Төслийн багийн ахлагч Хенк Де Пау:
 
   -Монгол Улсад  2 жилийн өмнөөс Европын холбооны 3.9 сая еврогийн  санхүүжилтээр “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай эрх зүйн шинэчлэл, стандартчилал, итгэмжлэл, зах зээлийн хяналтыг сайжруулахаас гадна хэрэглэгчдэд мэдлэг олгох 1000 хүнийг сургах юм.
 
-Төслийн зөвлөх Жозеп Тоус :
  - Европын холбоо 25 жилийн өмнө бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиа батлан мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд 3 удаа өөрчлөлт орууллаа. Хамгийн сүүлийн өөрчлөлтөөр зах зээлээс чанаргүй бүтээгдэхүүнийг эргүүлэн татах заалт оруулсан.  Тиймээс монголчууд манай жишээг давтахгүй сайн хуультай болоосой гэж хүсч байна.  
 
Бүтээгдэхүүний эрсдлийн үнэлгээ хийж түвшинг тогтоох,  эрсдэл ихтэй бүтээгдэхүүнийг хяналтад авах, лабораторийн чадамжийг сайжруулах, бүтээгдэхүүний гарал үүслийг мөшгих, үйлдвэрлэгч, импортлогчдын хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар хуулиндаа нарийвчлан тусгах ёстой.  Мөн ямар бүтээгдэхүүн хүний биед хор хохирол учруулж байгааг  судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон жил цуглуулсан мэдээлэл нь нэг ижил бүтээгдэхүүний учруулсан гэмтлийг үнэлэх  боломж олгодог.  
 
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг