sonin.mn
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг сарын хугацаанд хийсэн байна.
 
Энэ шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засаж тохижуулаагүй байжээ.
 
Мөн  эрүүл мэндийн багаж хэрэгслийн  хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зөрчил ч нийтлэг илэрсэн байна. 
 
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчилсэн, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, дуслын шингэн, эм бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан горимд хадгалаагүй зэрэг  дутагдал ч  илэрчээ. Гоёлын гоо заслын газруудад Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхгүй байхыг МХГ-аас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг