sonin.mn
НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ХУД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад 2016 оны 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20-нд төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг хийхэд нийтлэг зөрчил дутагдал илэрч, шалгалтад бүдэрлээ.
 
Уг шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензийн хугацаа дууссан, ЭМБ-ын анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй  нь нийтлэг байв.
 
Мөн эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засч тохижуулаагүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн байна.
 
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчилсэн, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн жагсаалтгүй, бэлэн байдлыг хангаагүй, дуслын шингэн, эм бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан горимд хадгалаагүй зэрэг зөрчил дутагдал бараг бүх газарт байсныг онцолж байв.
 
Иймд гоёлын гоо заслын газруудад Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхгүй байхыг анхааруулав.
 
PRP, MTS каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, гиалурин, филлер, өөх хайлуулах, ботокс, эхэс тарилга зэрэг эмчилгээг хийлгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эмнэлгээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан нөхцөлд, чанарын баталгаажилттай эм, бэлдмэлээр үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулж байна.
 
Шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар тусгай сургалтыг зохион байгуулсан байна.
 
 Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг