sonin.mn
Тэс сум. Нарийний гол. “Гладвилл” компанийн газрын тосны хайгуулын талбайд Тэс, Зүүнговь сумын тусгай хамгаалалтад авсан, онгон дагшин, байгалийн цогцолбор газрууд багтжээ.
 
 
Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан 19724 км.кв талбайд газ­рын тосны хайгуулын аж­лыг өнгөрсөн жилээс эх­лүүл­сэн БНХАУ-ын хө­рөн­гө оруулалттай “Монголиа гладвилл Увс пет­ролиум” компани асуу­дал дагуулсаар өнөө­дөр­тэй золгож байна. “Зууны мэдээ” сонин энэ асууд­лыг хөн­дөн бичсээр байгаа билээ.
 
Өнгөрсөн жил хайгуу­лын ажлыг эхлүүлсэн эхний сум болох Малчинд 1950 метр болон 940 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдөөд газрын тос илрээгүй. Харин энэ жилийнх нь хайгуулын ажил Тэс, Зүүнговь, Наран­булаг суманд үргэлж­лэхээр байсан ч нут­гийн иргэдийн хүчтэй эсэр­гүүцэлтэй тулгарчээ. Бид энэ талаар газар дээрээс нь сурвалжлахаар Увс аймгийн Тэс сумын Улаанбаатар хот дахь нут­гийн зөвлөлийн төлөө­лөл­тэй хамтран тус аймгийг зорив.
 
БӨӨРӨГ ДЭЛИЙН ЭЛС ХАЙГУУЛЫН ТАЛБАЙД БҮРЭН ЭЗЛЭГДЖЭЭ
 
Зүүнговь сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Тарвагатайн хөдөө гэх газарт компанийн кемп ийнхүү байрлаж байв.
 
Улаанбаатараас ажлын хэсэг энэ сарын 14-ний өдөр эртлэн замд гарав. Тэс сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн нутагт нь байгаль орчин хөндөгдөж, иргэдийн эрх ашиг зөрчигдөөд байгааг сонсоод гар бие нэгдэн тэмцэхээр ийн зорьсон хэрэг. 15-ны бямба гаригийн өглөө Зүүнговь суманд хүрч очлоо.
 
“Гладвилл” компани хайгуулын нийт ажлын явцад Увс-1 талбайд 453 цооног өрөмдөхөөр төлөвлөөд буй. 2016 оны ажлын төлөвлөгөөгөөр Зүүнговь суманд хоёр цооног өрөмдөх төлөвлөгөөг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгасан байв.
 
Компанийн кемп Зүүнговь, Тэс сумын уулзвар нутаг Тарвагатайн хөдөө гэх газар байрлажээ. Өөрөөр хэлбэл, Зүүнговь сумын ард, Тэсийн урд Нарийний голын гүүрээс урагш есөн км-т чичирхийллийн судалгааны машин, хүнд даацын ачааны автомашинууд, ажилтнуудын амьдрах чингэлэг бүхий хотхон баригджээ.
 
Увс аймгийн Зүүнговь суманд дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд захын элсэн цэг болох Бөөрөг дэлийн элс бий. Ойролцоогоор 4000 хавтгай дөрвөлжин км талбайтай, 180 км үргэлжилдэг Бөөрөг дэлийн элс Зүүнговь сумын ихэнх газар нутгийг хамардаг. Түүгээр барахгүй Алтан элс, Өгөөмөр, Баян нуур гэх байгалийн үзэсгэлэнт, онгон дагшин уул нурууд, ус рашаантай нутаг. Гэтэл “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн газрын тосны лицензэд Бөөрөг дэлийн элс бүрэн эзлэгдээд зогсохгүй Зүүнговь сумын газар нутгийн 90 хувь нь хайгуулын талбайд орсныг сумын Засаг дарга Д.Нэргүй бидэнд ярилаа.
 
Зүүнговь сумын ИТХ-аас өнгөрсөн онд Тарвагатайн хөдөө орчмын 24539 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Уг тусгай хамгаалалттай газар дээр “Гладвилл” компани ямар ч зөвшөөрөлгүйгээр кемпээ байрлуулж, олон тооны хүнд даацын автомашинаар хөрс талхлан хоёр сар орчим хугацааг өнгөрөөсөн байна. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр өөрсдийн дураар кемп байрлуулсан нь Байгаль орчны тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж ЗДТГ-аас газар чөлөөлөх захирамж гарган хүргүүлжээ.
 
Нэг сумын газар нутгийг бараг бүхэлд нь хамарсан энэхүү хайгуулын талбайд 160 гаруй малчин өрхийн өвөлжөө орсныг тус сум дахь “Бэлчээр ашиглалтын холбоо” ТББ-ын тэргүүн М.Баттогтох дуулгасан юм. Тэдгээр иргэд нутагтаа үе удам дамжин мал аж ахуйн эрхлэн амьдарч ирсэн төдийгүй, өвөлжөөнийхөө газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрээгээ байгуулчихсан хүмүүс байж. Гэвч хайгуулын ажил хийгдвэл өвөлжөөгүй болох нь гэсэн малчид тус холбоо болон сумын удирдлагуудад гомдол, бухимдлаа илэрхийлсээр байгаа ажээ.
 
Увс аймгийн Зүүнговь, Тэс сумын хувьд элсэрхэг, эмзэг хөрстэй нутаг. Газар нутгийн хувьд жижиг учраас бэлчээрийн хүрэлцээ байнга дутагдалтай байдаг аж. Үүнээс үүдэн малчид бэлчээрийн нарийн хуваарилалтад шилжжээ. Зүүнговь сум гэхэд 4001 км.кв газар нутагтай. “Ногоон алт” төслийн багийнхан өнгөрсөн жил тус сумын бэлчээрийн даацыг судалж 70000 толгой мал бэлчээрлэх боломжтой гэж тооцжээ. Гэвч одоогоор энэ тоо 50000-аар хэтэрч 110000 гаруй мал өвөлжиж байгааг “Бэлчээр ашиглалтын холбоо” ТББ-ын тэргүүн М.Баттогтох ярив. Тэрээр бас “Зөвхөн хайгуул судалгааны ажил нэрээр том том машин орж ирэхэд нэг нь 35 тонн жинтэй, дугуй нь гэхэд нэг метр 20 см өргөнтэй байсан. Ийм хэмжээний өргөн дөрвөн дугуйтай хүнд даацын автомашин нэг яваад өнгөрөхөд л хөрс эвдэрч байсан. Манай сум бол байгалийн үзэсгэлэнт газар нутгуудтай. Нутгийн иргэд бид өөрсдөө нэг чулуу ч гэсэн хөндөхийг цээрлэж нутгаа хайрладаг. Бөөрөг дэлийн элс, Алтан элс, Өгөөмөр, Баян нуур гэсэн эдгээр байгалийн үзэсгэлэнт газар нутаг зөвхөн Зүүнговьчуудын хамгаалах газар шороо биш. Нийт монголчуудын газар нутаг юм. Нутгийнхаа төлөө Улаанбаатараас ирсэн Тэсийн нутгийн зөвлөлийнхөнд талархаж байна. Цаашид газар нутгийнхаа төлөө хамтран тэмцэх болно” гэж байлаа.
 
 
 
Д.Нэргүй: ХУУЛЬ ЗӨРЧСӨН КОМПАНИЙН АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛ ГЭСЭЭР БАЙСАН
 
Малчдаас гадна залуучууд нэгдэн хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэн 600 хүний гарын үсэг цуглуулж компанид хүргүүлснээ бидэнд дуулгасан юм. Бэлчээрийн хувьд хүрэлцээгүй, дээрээс нь эмзэг, элсэрхэг хөрстэй бүс нутагт газрын тосны хайгуулын ажил явуулах нь зохисгүй хэмээн малчид, иргэд, орон нутгийн захиргаа дуу нэгтэйгээр эсэргүүцэж байв. “Гладвилл” компани нутгийн иргэдэд газрын тосны хайгуулын талаар зөв зохистой ойлголт өгөхгүйгээр багийн иргэд дэмжиж байгаа хэмээн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хууль бусаар гаргуулсан явдал гарчээ.
 
Энэ тухай сумын Засаг дарга Д.Нэргүй ярихдаа “Хайгуул судалгааны талбай хөдөөгийн дөрвөн багийн газар нутгийг хамарсан байсан. Гэтэл компанийн зүгээс ганц Өгөөмөр баг дээр 26 хүн цуглуулаад газрын тосны хайгуулын талаар танилцуулсан нэр хийгээд явсан. Ингэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхийн тулд багийн иргэдийн санал, Иргэдийн нийтийн хурлын протокол хөтлөх ёстой байсан ч манай иргэд бүгд эсэргүүцсэн байсан. Гэвч тэдгээр иргэдийг үнэлгээ хийхийг зөвшөөрсөн мэтээр баримт үйлдээд байгаль орчны үнэлгээг хийлгэсэн байсан. Үлдсэн гурван баг дээр хурал, танилцуулга хийгээгүй. Анх хуралд суусан Өгөөмөр багийн 26 малчин газрын тосны талаар ойлголт авч чадаагүй, энэ ажил байгаль орчинд нөлөөлнө гэсэн байр суурь илэрхийлснээ хэлцгээсэн. Энэ талаар болон гадны компани манай газар нутаг дээр ирээд дураар аашилж байгаа байдал нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн учраас аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, “Гладвилл” компанид хайгуулын ажлыг эсэргүүцсэн албан бичгүүд удаа дараа явуулсан. Гэвч хариуд нь энэ бол Засгийн газрын шийдвэртэй ажил учраас дэмжиж ажилла гэсээр байгаа” гэлээ.
 
МАЛЧИН СУМАНД СУДАЛГАА ХИЙХГҮЙГЭЭР ЦООНОГ ӨРӨМДЖЭЭ
 
“Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жил Малчин суманд 1950 метр болон 940 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдөөд газрын тос илрээгүй хэмээн тухайн үед Увс аймгийн ЗДТГ-аас тайлбарлаж байв.
 
Тэгвэл сурвалжлагын явцад Малчин дахь газрын тосны хайгуулын талаар ноцтой мэдээллийг нутгийнхан ярьж байв. Тодруулбал, “Гладвилл” компани Газрын тосны тухай хуулийн дагуу төлөвлөгөө ёсоор хүндийн хүчний болон соронзон хайгуул, хоёр хэмжээст чичирхийллийн судалгааг хийнэ хэмээн холбогдох газруудад мэдэгдсэн билээ. Угаас эдгээр судалгаа хийгдсэний үндсэн дээр дараагийн шат болох гүний өрөмдлөг хийх эсэх яригдах учиртай. Гэвч өнгөрсөн жил Малчин суманд эдгээр судалгааг хийхгүйгээр шууд хоёр цооног өрөмджээ.
 
Энэ мэдээллийг “Гладвилл” компанийн инженер ч батлан ярьсан юм. Ингэхдээ 1950 метр, 940 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдөх явцад нэг өрөмдлөгийнх нь тоног төхөөрөмж эвдэрч, газрын тос гарах найдлагагүй болжээ. Үүнээс болж “Гладвилл” компани олон сая ам.долларын алдагдал хүлээсэн бололтой. Тэд Малчин сумаас хоёр өрмийн кемпээ буулган нүүж байгаа мэдээллийг орон нутгийнхан өгөв. Хамгийн гол нь судалгаагүйгээр газрын хөрс хөндөж олон мянган метрт өрөмдлөг хийсэн нь ноцтой явдал. Үүнээс үүдэн гарах байгаль орчны хохирол ямар хэмжээнд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.
 
 ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛСЭН ТЭСИЙН ИРГЭДИЙГ БАРИВЧИЛНА ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ
 
“Монголиа гладвилл Увс петролиум” компанийн кемп Тэс сумын Нарийний голын гүүрээс урагш есөн км зайтай байрлаж буйг дээр өгүүлсэн. Хайгуулын багийнхан Зүүнговь сумын газар нутаг дээр хайгуул хийхээс гадна Тэс сумын төв рүү чичирхийллийн машин, хүнд даацын машин техник агсан орж судалгааны ажил хийхийг завджээ. Үүнээс үүдэн өнгөрсөн сараас эхлэн нутгийн иргэд хэд, хэдэн удаагийн цуглаан зохион байгуулж, судалгааны ажлыг хүчээр зогсоосон тухай нутгийн зөвлөлийнхөнд ярьж, хуулийн хүрээнд хэрхэн тэмцэх зөвлөгөө, тусламжийг хүсч байв.
 
Эхний удаагийн тэмцлийн үеэр компанийнхан нутгийн залуус руу нулимс асгаруулагч цацсан явдал ч гарчээ. Мөн газар нутгаа хамгаалан тэмцсэн зарим хүнийг цагдаа, хүчний байгууллагынхан
 
дарамталж “Тэмцлээ зогсоо. Энэ бол Засгийн газраас шийдвэрлэсэн ажил. Та бүхэн эсэргүүцээд байвал 1.8 сая ам.долларын өрөнд унана. “Гладвилл” компани 1.8 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдэж байгаа” гэцгээж. Нутгийн зарим иргэнийг баривчилна гэж сүрдүүлсэн тохиолдол ч гарсан байна. Энэ тухайд нутгийн иргэд “Компанийнхан Засгийн газраас эрх авчихсан, байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй, нөхөн сэргээчихнэ, хэвийн болно гэдэг. Уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явагдсан газар нутаг хэзээ ч онгон догшин байгалиараа үлддэг гэж сонсоогүй. Засгийн газар бол миний, ард иргэдийн илгээсэн УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн. Засгийн газрыг би өөрийгөө гэж боддог. Намайг төлөөлсөн тэр хүмүүс бидний саналыг харгалзаж үзэхгүйгээр ийм шийдвэр гаргахыг зөвшөөрөхгүй” гэцгээж байв.
 
“Гладвилл” компани зөвхөн Зүүнговьд ч бус Тэс суманд ч иргэдийн саналыг өөрсдийнхөө талд хууль бусаар ашигласан, хууль бус тогтоол гаргуулсан, нутгийн иргэдэд худлаа мэдээлэл тараасан олон баримт олдсон юм.
 
 
 
 
 
 
 
Үргэлжлэл бий.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин