sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр /2016.10.24/ “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Нидерланд Улсын Хил хязгааргүй чөлөөт хэвлэл байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр талууд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж буюу шүгэлдэгчийн болон сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг тусгах, асуудлаар санал солилцлоо.
 
Мөн цаашид тэдний эрх ашгийг хамгаалсан цогц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал илэрхийлсэн юм.
 
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллийн ил тод байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлыг төрийн бодлогод үе шаттайгаар тусгах нь зүйтэй гэдэгтээ санал нэг байгаагаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэвгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.