sonin.mn
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Карин Хулшоф Монгол Улсад айлчлах үеэрээ БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шинэлэг шийдэл олж, хамтран ажиллахаар тохиролцов.
 
Тэр дундаа салбар дундын хамтын ажиллагаа, зохицуулалтыг хийхэд тус яам чухал үүрэгтэй болохыг онцолж, бодлогын түвшинд нөлөөллийн ажил хийх, УИХ болон бусад салбар яамдтай нягт хамтран ажиллах, олон нийтийн дунд зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх кампанит ажил зохион байгуулах зэрэг ажил хийхээр тохиролцлоо.
 
Түүнчлэн тэрбээр НЭМХ-гийн захирал Б.Цогтбаатар, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн уушгины эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Солонго, Монголын Анагаах ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Бурмаа болон Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эмнэлгийн эмч нартай уулзаж, агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө хэр байгаа талаар мэдээлэл авлаа. Хүүхдүүдийн дунд харшлын маягтай амьсгалын замын өвчин ихэсч, архаг уушгины өвчин, астма, бронхит, амьгүй төрөлт, ургийн гажиг нэмэгдэж байгааг ч эмч нар онцлов. Мөн хөдөөтэй харьцуулахад нийслэлд уушгины хорт хавдар 9 дахин их байгаа аж.
 
Мөн тэрбээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, орчны эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоо нэн чухал үүрэгтэй бөгөөд иргэдэд мэдээлэл өгөх, зөв дадал зуршлыг хэвшүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо нэн чухал болохыг хатагтай Хулшоф онцлоод, НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
 
“Засгийн газар, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хүүхдүүд өөрсдөө гээд бүгд хамтдаа хүчээ нэгтгэж чадвал бид бодит үр дүнд хүрнэ. НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлын асуудалд түлхүү анхаарч ажиллана. Засгийн газрын манлайлал дор бүх салбар, олон нийт хамтдаа агаарын бохирдлыг бууруулж, ирээдүй хойч үедээ эрүүл амьдрах орчинг бүрдүүлсэн үлгэр жишээ орон болох боломж Монгол Улсад бий” гэж тэрбээр онцлов.
 
НҮБ-ын Хүүхдийн cан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг