sonin.mn
Монголын эдийн засаг хүндхэн сорилтуудтай тулгарч байна. Энэ үед салбарын яам хэрхэн ажиллаж буй талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.
 
-Эдийн засаг хүндэрчихлээ. Сангийн яам бодлогын хувьд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Хөрөнгө оруулалт татахын тулд  юу хийж байна?  
 
 -Монгол Улс эдийн засгийн хямралаа хэрхэн давах вэ гэдгийг гадны улс орнууд их сонирхож байна. 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг удахгүй хэлэлцэнэ. Өнгөрсөн 4 жилд улс төрийн шийдвэр гаргахдаа удаан, Засгийн газар тогтворгүйгээс зарим бодлогын яамны удирдлага  гурван удаа солигдох зэргээс үүдэж гадны хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил буурсан. Одоогийн Засгийн газар хөрөнгө оруулагчдыг  бодит мэдээллээр хангах, итгэлцэл төрүүлэхэд анхаарч байна.
 
Урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой орны тоонд Монгол улс ордог. Хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сард төсвийн алдагдлыг багасгахын тулд Монгол Улс бонд гаргасан. Энэ бонд 11 хувийн хүүтэй гэхээр Чингис бондоос  хоёр дахин их хүү төлнө. Үүнээс үзвэл Монгол Улсад итгэх итгэл хоёр дахин буурсан гэж хэлж болно. Сүүлчийн бонд босгосноос хойш Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа харилцах нь багассан гэсэн шүүмж гадны хүмүүсээс ирсэн. Тиймээс Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанктай хамтран хөрөнгө оруулагчидтай уулзах уулзалтуудыг  хийж эхэлсэн.
 
 -Монгол Улс 60 хоногийн дараа өрөө төлнө. Энэ мөнгийг хаанаас босгох вэ?
 
  -2017 оны төсөв 6 их наяд төгрөгийн төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой, зарлага  8.6 наяд төгрөг болж, 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарах тооцоо гарсан. Үүнээс гадна өрийн үйлчилгээнд 6.6 их наяд төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл бид орлогоосоо давсан их мөнгийг өрөндөө төлнө гэсэн үг. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг нэг боломж гэж харж байна. Бид энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бонд босгохоос бага хүү төлнө.
 
Нөгөө талаар Засгийн газар үүрэг хүлээнэ. ОУВС эдийн засгийн хүндрэлийн үед ямар арга хэмжээ авч, ямар бодлого баримтлах вэ гэдгийг заана. Тус сангийн техникийн баг манай улсад ажиллан хэдий хэмжээний мөнгийг ямар хүүтэй олгох талаар санал тавих юм. Энэ саналыг Монгол Улсын Засгийн газар УИХ-д оруулснаар эцсийн шийд гарах юм.
 
 - БНХАУ-аас зээл авах талаар эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Зарим нь урд хөршөөс авах зээл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий хэмээн болгоомжилж байна. Энэ тухайд?
 
 -Монгол Улсын 6.6 их наяд төгрөгийн өрийн үйлчилгээг төлөхийн тулд гаднаас зээл авахаас өөрцгүй. Ганцхан БНХАУ гэлтгүй Монгол Улсыг сонирхож буй манай зээлжих зэрэглэлийн хэмжээнд зээл олгох олон улс бий. Сангийн яам болон Засгийн газарт зарим олон улсын байгууллага хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлснийг судалж байна. БНХАУ-аас төдий хэмжээний зээл авна гэсэн асуудал одоогоор тодорхойгүй байна.
 
-Ард түмэн бүсээ аль хэдийн чангалчихсан. Захын хорооллуудад талхыг 4 хуваан авч байна. Сангийн яамнаас  боловсруулсан 2017 оны төсвийн төсөл хэр иргэдэд хүрсэн төсөл болсон гэж та үзэж байна?
 
-2017 оны төсөвт ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх бодлого оруулж ирээгүй. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг одоогийн түвшинд хэвээр  байлгахаар тусгасан. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуурын салбарт үзүүлдэг дэмжлэгээ 49 тэрбумаас 54 тэрбумд хүргэлээ. Ахмад настны тэтгэврийг нэмэх боломжгүй ч  “Насны хишиг” –ийн 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
 
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд үргэлжлүүлж олгохоор болов. Мөн 2017 онд татвар нэмэхгүй, шинээр татвар нэвтрүүлэхгүй. Түүнчлэн эдийн засгаа тэлэх үүднээс том төслүүдээ хөдөлгөхөөр боллоо.  Монгол Улсын эдийн засаг харьцангуй жижиг учир том төслүүд хэрэгжээд эхэлбэл үр дүн нь шууд мэдрэгдэнэ.
 
-Тэтгэврийн сан хоосорчихсон. Үүнээс болоод  тэтгэврийн насыг нэмэх асуудлыг ярьж байгаа. Тус санд улсын төсвөөс хичнээн төгрөгийн санхүүжилт өгөхөөр тусгав?
 
-Тэтгэврийн сан үнэнийг хэлэхэд амаргүй байгаа. Монголд тэтгэврийн насныхны тоо нэмэгдсээр байна. Тэтгэврийг нэмэх,  бааз суурийг нэмэгдүүлэх  асуудлаас үүдээд тэтгэврийн сан энэ жил улсын төсвөөс 400 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан. Уг нь өөрөө, өөрийгөө санхүүжүүлээд явах ёстой шүү дээ. Энэ байдлаараа 4 жилийн дараа улсын төсвөөс нэг их наяд төгрөгийн татаас авах төлөв гарч байна. Тийм болохоор 2016 оны төсвийн тодотгол ярьж байхад тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэх асуудлыг хөндсөн. Хүн амын амьжиргаа, эрүүл мэндээс үүдээд дундаж наслалт нэмэгдсэн. Монгол Улс санхүүжилтгүй тэтгэврийн сантай болсон учир тэтгэврийн насыг нэмэхээс өөрцгүй байдалтай байна.
 
-Засгийн газар эдийн засгаа аврахын тулд маш олон арга хэмжээ авахаар ажиллаж байна. Үүний нэг нь хувьчлалын асуудал. Хямралын үе дэх хувьчлалыг үр дүн муутай, үнэ цэнэгүй гэдэг?
 
-Эдийн засгийн хүндрэлтэй үед хувьчлал явуулахад амаргүй.“Оргил” рашаан сувилал, Төрийн банк гэх мэт 4-5 объектыг хувьчлахаар ярьж байна. Төсөв мөнгө өнөөдөр хүнд байгаа учир хувьчлал хийхээс өөр аргагүй. Гэхдээ бид нийгмийн чиглэлийн байгууллага болох  их, дээд сургууль, эмнэлэг, цахилгаан станцыг хувьчлахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмнөх УИХ зарим нэг нийгмийн чиглэлийн байгууллагуудыг  хувьчлахаар ярьж байсан.
 
Тухайн үед МАН-ын бүлэг нийгмийн чиглэлийн байгууллагуудыг хувьчлахад Монгол Улс бэлэн биш, үнийн хөөрөгдөл үүснэ гэсэн байр сууринаас хандсан. Монголын аж ахуйн нэгжүүд өөрсдийн эх үүсвэрээр Төрийн өмчит компанийг хувьчилж авна гэхэд хэцүү. Тэгэхээр хувьчлал хийхэд гадны компаниуд идэвхитэй оролцох магадлалтай. Нэг мэдэхэд хүүхдүүд нь хувийн сургууль, цэцэрлэгт явдаг, гаднаас эрчим хүчээ авдаг болчих вий гэсэн айдас бий.  Тиймээс Монгол Улс хэдий хүнд байгаа ч гэсэн хувьчлалыг ард түмэндээ нийцсэн бодлогоор явуулах ёстой.
 
Түүнчлэн төрийн нуруун дээр хэт их ачаалал өгч буй аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, ашигтай ажиллуулах нь чухал. Нийт байгууллагын 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Зөвхөн төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаад байгаа юм биш. Хувийн компаниуд ч гэсэн алдагдалтай ажиллаж байгаа. Тэгэхээр бид Төрийн өмчит компаниудад үр ашгаа нэмэгдүүлэх, менежментээ сайжруулах талаар  чиглэл өгсөн.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн банк эзэмшиж байгаа гэсэн “шум” дэгдээд удлаа?
 
-Хэдийгээр монгол хүнд ирсэн ч гэсэн хууль зөрчөөд хувьчилж авдаг жишиг байж болохгүй. Хууль тогтоомж байх  хэрэг байна уу гэсэн асуудал урган гарч байна. 27 настай хүүхэд хэдхэн сарын өмнө сая төгрөгийн дүрмийн сантай компанитай байсан. Гэтэл ямар замаар дүрмийн сангаа нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр, Асгатын орд, Бор-Өндөрийн ордыг хувьчлаад авчихав. Үүнийг ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүд ч  юу болсныг ойлгохгүй байна. Хэрвээ хууль зөрчсөн  бол шалгах ёстой. Эрдэнэтийн 49 хувийг дотооддоо шийдэж, хариуцлага тооцох  ёстой гэж үзэж байна.
 
-Төмөр замаа оросуудад өгчихлөө хэмээн иргэд бухимдалтай байна. Төмөр зам уул уурхайгаас илүү эдийн засгийн өгөөж өгөх цусны эргэлт гэдэгтэй та санал нийлэх үү?
 
-УБТЗ хоёр улсын хамтарсан нийгэмлэг гэсэн нэрээрээ байгаа. Ганц чиглэлээр Монгол Улсын төмөр замын бодлогыг тодорхойлж болохгүй. Дахиад шинэ  чиглэлээр төмөр зам барих нөөц боломж бидэнд бий. Өнгөрсөн жилүүдэд Хятадын талаас төмөр замаа хил хүртэл татчихаад байхад манайх өргөн, нарийн царигийн алийг нь сонгох вэ гэж маргалдсаар 4 жил алдсан. Тэгэхээр зарим  зүйлийг улс төржилгүйгээр явуулах ёстой.
 
-Ам.долларын ханшийг ирэх оны төсөвт 2250 төгрөг байхаар тооцсон. Гэтэл ноён долларын ханш 2300 төгрөгөөс давчихлаа. Манайх төсвийн төсөөллийг хэт өөдрөгөөр төсөөлчихөв  үү?
 
-Өнөөдрийн хувьд ам.долларын ханш 2300 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг дээд түвшин гэж харж байгаа. Бидний хувьд ам.долларыг аль болох одоогийн ханшаас бага байлгахаар төлөвлөж байна. Ирэх хавраас мега төсөл хэрэгжээд эхэлчихвэл ам.долларын ханш буурна гэж тооцон 2017 оны төсөвт ам.долларыг 2250 төгрөгөөр бодож тусгасан.
 
-Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийг 2020 оноос сэргэх магадлалтай гэж үзэж байгаа. Сангийн яамны хэтийн төлөвт эдийн засаг хэдэн оноос сэргэхээр тусгав?
 
- 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай байна гэж үзэж байгаа. 2017 оноос 3 хувьтай, 2018 онд 4.5 хувьтай, 2019 оноос 7 хувиас дээш өснө гэж тооцож байна. Энэ тооцоо зөв бодлого, бүсээ чангалах, том төслүүд хэрхэн явахаас шалтгаална. Ирэх хавраас төсөл хөтөлбөрүүд  хэрэгжээд эхэлбэл бидэнд гэрэл гэгээ байна. ОУВС, Дэлхийн банкнаас манай эдийн засгийн хөгжлийг тооцоолохдоо зарим нэгэн томоохон төслөө хөдөлгөж чадахгүй гэж үзсэн юм билээ. Энэ удаа МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн болохоор ажилд гацаа үүсэхгүй байх гэж харж байна.
 
-Монголчууд уул уурхай, хөдөө аж ахуйн салбартаа эдийн засгаа даатгаж ирсэн. Эдийн засгаа солонгоруулна гэж ярьсаар улиг боллоо. Эдийн засгаа хэзээ солонгоруулах вэ?
 
2017 оны төсөвт уул уурхайн төслөөс гадна хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулахаар болсон.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийсэн айлчлалаар Япон руу нүүрс экспортлохоос гадна Япон-Монголын хамтарсан хуурай сүүний үйлдвэр барихаар болж байна. Цаашлаад 21 аймагт энэ үйлдвэрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Монгол Улс 45 сая малтай хэрнээ гаднаас хуурай сүү импортолж байна.
 
Манай мал Австралийн хониноос илүү үнэтэй байна. Тиймээс Засгийн газар логистикийг сайжруулахаар олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн махны экспортын квотыг нэмэгдүүлэхэд анхаарч эхэллээ. Бид жил болгон квот аваад экспортлох гэхээр  малын өвчин гараад тоондоо хүрдэггүй. Тиймээс малаа эрүүлжүүлэхэд анхаарч байна.
 
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн айлчлалыг мөнгө босгох гэж явлаа гэсэн яриа дагасан. Энэ удаагийн айлчлалын үр дүн юу байв?
 
-Ерөнхий сайдын айлчлал хөрөнгө мөнгө хүсэхээс илүүтэйгээр хувийн салбаруудын үйл ажиллагааг уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирсон. Өнгөрсөн хугацааны айлчлалуудын гол зорилго нь  бонд босгох гэж явдаг байлаа. Тиймээс мөнгө босгох нь гэж хүмүүс хардсан байх. Энэ удаад хоёр улсын худалдаа, эдийн засгийн форум болж,  Японы 200 гаруй аж ахуйн нэгж оролцсон нь монголыг сонирхож байгаагийн нэг илрэл юм. Форумын үр дүнд хэд, хэдэн компани хамтрагчаа олсон
 
 Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг