sonin.mn
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018- 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төсвийн алдагдал болон гадаад өрийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, концессын гэрээний үнийн дүнгийн талаар тодруулж байлаа. Сангийн сайдын хариулснаар, төсвийн алдагдал, өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүй учир бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж. 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд байх бол гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.6 их наяд төгрөгийн төлбөр төлөхөөр байна.
 
Ирэх онд гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байх бөгөөд 2019 онд төсвийн орлого 7.5 их наяд, гадаад өрийн төлбөр 6.5 их наяд байх дүр зураг харагдаж байгааг Сангийн сайд хэллээ. 
 
Түүнчлэн төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 18 хувь байгаа бөгөөд үүнийг ирэх онд 9.9, 2018 онд 7.5, 2019 онд 5.5 хувь байхаар төсөөлж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүд ард иргэдийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулж байв. 
 
Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Дийлэнх иргэний амьдрал сайнгүй байгаа бөгөөд 90 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа. Тиймээс Засгийн газраас эхний ээлжид эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах зорилт тавьж байна” гэв. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61.5, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 20.8, ноос, улаан буудай, арьс, ширний урамшуулалд 54, хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгоход 161.5, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор олгох “Насны хишиг”-т  20.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байгаа талаар ажлын хэсгээс мэдээллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
 
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжпээ. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр “УИХ-ын 2016 оны 47 дугаар тоггоолд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.
 
Түүнчлэн Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай буурлуудад жилдээ хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон. 
 
Тухайлбал, 70-79 настай ахмадуудад 100, 80-89 настанд 200, 90-100 настай буурлуудад 300 мянган төгрөг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан” гэв. 
 
Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм. Тиймээс хүүхдийн мөнгийг улсын төсвөөс нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгох, зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 
 
Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан 2019 он хүртэл хэрэгжилтийг нь хойшлуулах, хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт, тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг холбогдох шатны төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой харилцаа, ‘‘Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулж, зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байв.
 
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй. 2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв.
 
Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн “Насны хишиг”, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлагатай байгааг ойлгохыг хүсч байлаа.