sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржтой ярилцлаа.
 
-УИХ-ын өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн 2017 оны Улсын төсвийн тухай хэлэлцүүлгийн үеэр Я.Санжжмятав гишүүн Ерөнхийлөгчөөс таван зүйл санал УИХ-д хүргүүлсэн тухай ярьж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-УИХ-аар 2017 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийнхээ дагуу таван саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр албан ёсоор хүргүүлсэн болно.
 
Үүнд: нэгдүгээрт Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжинд таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын  2017 оны төсвийн багцад нэмж тусгах, хоёрдугаарт Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн төвшингөөс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн Сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, гуравдугаарт Өндөр настны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах, дөрөвдүгээрт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн хувьсах болон хичээл практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэлжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын  2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах, тавдугаарт Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын  2017 оны төсвийн багцанд нэмж тусгах таван саналыг хүргүүлсэн.
 
Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг УИХ дээр дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэж баталдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Монгол Улсын УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан аливаа саналыг УИХ дээр хоёрдугаар хэлэлцүүлгээс хэлэлцэж эхэлдэг. Энэ дагуу Төсвийн байнгын хороон дээр төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг нэгтгэн хэлэлцэх үеэр  дээрх таван саналыг авч үзэх болно.
 
-Ирэх онд улсын төсөв хүндхэн байгаа талаар их ярьж бичиж байгаа. Засгийн газар ч гэсэн энэ агуулгаараа ихээхэн хэмнэлт гаргасан, тайрсан хассан төсөв оруулж байгаа гэсэн?
 
-Улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй энэ үед Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2017 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Энэхүү хүндрэл бэрхшээл нь зөвхөн сүүлийн хэдхэн жилийн хугацаанд бий болсонгүй, харин ч хэд хэдэн УИХ, Засгийн газар дамжин удаан хугацааны туршид хуримтлагдаж ирсэн, далд байсан асуудал нь өнөөдөр ил гарч ирж буй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй.
 
Улсын төсвийг үндэсний хэмжээний эв санааны нэгдлийн сан гэж үзэж болно. Улсын төсөв нь манай нийт ард иргэдийн нийтлэг ашиг сонирхолд хөтлөгдөж, тэдний эрх ашигт үйлчлэх ёстой. Энэ агуулгаараа, өөр бусад бодлогын чанартай, илүү үр дүнтэй, зөв зүйтэй олон арга зам, хувилбар байсаар байтал төсөв, санхүүгийн өнөөгийн хүндрэлийг ард түмнийхээ нуруун дээр тохох, нэн ялангуяа нийгмийн эмзэг хэсэгт хүнд цохилт болсон тэтгэвэр тэтгэмж, оюутан сурагчдын тэтгэлэг, стипендээс хумслах замаар давж гарах гэж оролдох нь уулаасаа бүтэмжгүй зүйл бөгөөд нийгмийн шударга ёсонд харш алхам юм.
 
Аливаа төр, засгийн газрын эдийн засаг, төсөв санхүү, татварын бодлого нь нийт ард иргэдээ өмч хөрөнгөтэй, мөнгөтэй орлоготой, ажилтай цалинтай байхад чиглэгдэх ёстой. Авч хэрэгжүүлэх бодлогыг нь ард иргэд нь дааж давахуйц байх ёстой. Ногдуулсан татварыг нь төлж чадахгүйгээсээ болж иргэд маань байр сууц, өмч хөрөнгөнөөсөө хагацах,  цалин тэтгэлгээ хасуулснаас болж их, дээд сургууль нэн ялангуяа МСҮТ-ийн оюутан, сурагчид сургууль номоо орхих ёсгүй. Ядарсан иргэдийнхээ ядмагхан мөнгөнөөс хумслах замаар асуудлыг шийдэхгүй гэдэг нь ойлгомжтой зүйл.
 
Нэн ялангуяа МСҮТ-үүдэд суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох ёстой юм. Мэргэжилтэй ажиллах хүчин ихээхэн дутагдаж байгаа талаар, гаднаас нэн ялангуяа урд хөршөөс ихээхэн ажилчид орж ирдэг тухай санал шүүмжлэл байнга гарч байдаг. МСҮТ-ийн тогтолцоо нь үндэсний хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дэмжсэн,   иргэдээ, ажилгүйдэлтэй тэмцэх, нэн ялангуяа залуучуудаа ажилтай, цалинтай, орлоготой байлгах зорилго бүхий чухал ач холбогдолтой бодлогын нэг хэсэг юм. Иймд Ерөнхийлөгчийн гаргасан дээрх саналууд, нэн ялангуяа МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох тухай саналыг УИХ дээр дэмжээсэй гэж хүсч байна.
 
-Улсын төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч урд өмнө ер нь санал гаргаж байсан уу?
 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд УИХ, Засгийн газар ажлаа ч хий, хариуцлагаа ч үүр гэсэн зарчмаар тэдэнтэй холбоотой аливаа асуудалд хандаж ирлээ гэж би хувьдаа харж дүгнэдэг. Өмнө нь нэг удаа, өөрөөр хэлбэл, 2011 оны сүүлээр өдийд 2012 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан тодорхой саналуудыг албан ёсоор УИХ-д хүргүүлж байсан.
 
Тэр үед Засгийн газраас өргөн барьсан 2012 оны төсвийн төслийн орлого өнгөрсөн оныхоосоо хоёр дахин их байхаар байсан юм. Өсөлт тэлэлтийг хөгжил дэвшил болгох зөв бодлого үгүйлэгдэж байгаа, өсөн нэмэгдэж буй татварын орлогыг шууд зарлага болгон үрэхээс татгалзах, харин ч энэхүү орлогыг улам бүр арвижуулах, төсвийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй энэ боломжийг ашиглан татварын болон төсвийн зарлага санхүүжилтийн шинэчлэлийг амжиж хийх талаар зарчмын тодорхой саналуудыг тэр үед тавьсан байдаг. Тэр үед Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг авч хэрэгжүүлсэн бол өнөөдөр төсөв, санхүүгийн ийм хүндрэлд улс орон маань орохгүй зайлсхийж чадах байсан гэж би хувьдаа бодож явдаг.
 
Д.Болор
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин