sonin.mn
1907 оноос хойш Ванчигийн удмынхны хаанчлал дор явж ирсэн Бутан улс дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэсэн тодотголтойгоор Хималайн өндөр уулсын дунд оршиж байна.
 
Бутаны дөрөв дэх хаан Жигмэ Сэнгээ Ванчиг 1972 онд Дотоодын нийт аз жаргал хэмээх ойлголтыг бий болгож, эдийн засгаас бусад салбарт ч адил ач холбогдол өгөх ёстой хэмээн үзэх болжээ. Аз жаргалын индекс нь дөрвөн тулгууртай байх ёстой гэж үзэв. Сайн засаглал, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, соёл уламжлалаа хадгалах, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах. 2006 онд Жигмэ Сэнгээ хаан ширээгээ хүү Жигмэ Хэсар Намжилд шилжүүлэв. Хоёр жилийн дараа Бутан улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталлаа.
 
БРУНЕЙ:
 
Нэг хүнд ногдох орлогоороо (79 мянга 508 ам.доллар) дэлхийд дээгүүр ордог Бруней улсад байгалийн хий, нефть харамгүй заяажээ. Бурунейн султанат улс XIV зуунд байгуулагдаж байсан ч 1984 онд Их Британийн колониос чөлөөлөгдсөнөөс хойш Хассанал Болкиах гэсэн ганц хаантай явж ирлээ. Болкиах ч сайн удирдагч ажээ. “Forbes” сэтгүүлд бичсэнээр, түүний хаант улс нь тун хүчирхэг эдийн засагтай бөгөөд хааны хувийн хөрөнгө чинээ 20 тэрбум ам.долларт хүрчээ. Хааны эрүүл мэнд сайнгүй байсан ч ордон доторх хэрүүлд оролцоход нь нөлөөлөөгүй юм.
 
Хассанал, түүний дүү, хунтайж Жефри Болкиах нар улс орны хөрөнгө мөнгөнөөс болж маргалдан хаан Хассанал дүүгээ огцруулсан ч маргаан дууссангүй. Жефри 1986-1997 онд Сангийн сайд байхдаа улс орны нефть, хийн нөөцийг хяналтдаа авчээ. Тэрээр хааны шийдвэрээр огцорсон ч байгалийн баялгийн орлогоос асар их мөнгийг гадаад руу гаргасан байв. Өнөөдөр Засгийн газар хунтайжийн зувчуулсан мөнгийг эргүүлэн олж авахаар хөөцөлдөж байна.
 
КАМБОЖ:
 
ЮНЕСКО-гийн экс элчин сайд Нородом Сиамони өнөөдөр Камбожийн хаанаар сууж байна. Тэрээр 2004 онд хаан ширээнд заларчээ. Түүний эцэг Нородом Сианук өнгөрсөн зууны Азийн нэгэн чухал зүтгэлтэн, нөлөө бүхий хүн байсан билээ.
 
МАЛАЙЗ:
 
Малайзын тохиолдол бол онцгой. Тус улсад хааны сэнтийг үе залгамж­луулдаггүй, харин ээлжлэх зарчимтай байдаг. Есөн мужийн захирагчдаас таван жилд тутамд хааныг сонгож ээлжлэн төрийн тэргүүнд зална. Камбожид эрт дээр үеэс ийм уламжлал байжээ. Өнөөгийн хаан Абдул Халим нь Кедах мужийн захирагч юм. Дараа­гийн хаанаар Келантан мужийн захи­рагч V Мохаммед тодор­но. Хаанд тийм их эрх мэ­дэл байхгүй, бараг бүх эрх мэдэл Ерөнхий сайд болон парламентад бай­даг ч хаандаа ихэд хүндэт­гэл­тэй ханддаг аж. Хаан нь ла­лын шашны тэргүүн юм.
 
ЯПОН:
 
Японы эзэн хаан Акихито өнгөрсөн найм­дугаар сард “Миний эрүүл мэнд улам муудаад байвал би төрийн тэргүүний үүргээ биелүүлэхэд улам л хэцүү болно” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр хаан ширээнээс татгалзах талаар дуугараагүй ч энэ нь хааны сэнтийг шилжүүлж өгөх гэж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Хунтайж Нарухито хаан ширээг залгамжилж авах өдөр холгүй байна хэмээн зарим хүн үзэж байна. Нарухито 56 настай.
 
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин