sonin.mn
ЭМЯ нь төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Тус хөтөлбөр нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх зорилготой.
 
Олон улсын жишгээр эмийн аюулгүй, үр дүнтэй, чанартай байдлыг тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийн хамт төрөөс баталгаажуулах зохицуулалтын үйл ажиллагаанд эмийн бүртгэл, гаж нөлөөний бүртгэл, мэдээлэл, зах зээлд гарсны дараах тандалт, эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналт зэрэг цогц үйл ажиллагаа хамардаг.
 
Эмийн аюулгүй байдлын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр хилээр нэвтэрч буй болон дотоодод үйлдвэрлэж буй эмийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих, хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах, эмийн бөөний худалдаа, түгээлт болон жижиглэнгийн худалдаанд хяналт тавих, эмийн гаж нөлөөг бүртгэж холбогдох арга хэмжээг авах, эмийн цахим жорын тогтолцоог нэвтрүүлж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж ЭМЯ-наас мэдээллээ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг