sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ажиллагаа бүрэн дуусаагүй бөгөөд 10 дугаар сарын 23-нд НЭМЭЛТ санал хураалт, 29-нд ДАХИН санал хураалт явуулах болжээ. Харин нэмэлт болон дахин санал хураалтад ирцийн босго тогтоохгүй юм.
 
Аймаг болон нийслэлд өрнөсөн Сонгуулийн санал хураалт болон дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УБСЕГ-ын дарга Р.Содхүү нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
СЕХ-ны удирдлагууд Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдсаныг онцлоод мэдээллэх явцад цаг хугацаа алдсаныг мөн тайлбарлав. Ц.Содномцэрэн дарга "Улсын хэмжээнд нийт 1765 тойрог 7308 мандатын төлөө 15190 нэр дэвшигч өрсөлдсөн. Тиймээс 15190 нэр дэвшигчийн мэдээллийг нэг дэлгэцэнд гаргах боломжгүй.
 
Мөн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь шууд зохион байгуулалтад оролцохгүй, зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх эрхтэй. Тиймээс дүн мэдээг сум, дүүргийн сонгуулийн хороо нэгтгэн гаргахыг хүлээдэг. Хуулийн дагуу тав хоногт багтаан сум дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, дараа нь буюу долоон хоногийн хугацаанд нийтэд өргөн мэдүүлэх ёстой" гэлээ.
 
Тэрбээр мөн 1765 тойргийн 135 тойрогт ирц хүрээгүйн улмаас Нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд, 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт нэр дэвшигчийн санал давхацсан учир Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулах болсныг хэлээд, ялгаж салгаж ойлгохыг сануулсан юм. 
 
Нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулна
 
Нийт 1765 тойргийн 135 буюу аймагт 57, нийслэлд 78 тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулах болсон. Хэсгээр бол 2082 хэсгийн 293-д буюу нийслэлд 213, аймагт 80 хэсэгт санал хураалт явуулах юм.
 
Аймгуудын Нэмэлт санал хураалт явуулах тойрог хэсгүүд:
Архангай – 2 тойрог, 2 хэсэг
Баянхонгор – 2 тойрог, 2 хэсэг
Говь-Алтай – 1 тойрог, 1 хэсэг
Дорнод– 6 тойрог, 8 хэсэг
Дундговь – 1 тойрог, 1 хэсэг
Өмнөговь – 3 тойрог, 3 хэсэг
Хөвсгөл – 9 тойрог, 9 хэсэг
Хэнтий – 1 тойрог, 1 хэсэг
Дархан-Уул – 15 тойрог, 23 хэсэг
Орхон – 2 тойрог, 2 хэсэг
 
Ингээд 21 аймгаас 10 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт Нэмэлт санал хураалт явуулах болжээ. Улсын хэмжээнд  17 засаг захиргааны 135 тойрог 293 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавихгүй бөгөөд оролцсон сонгогчдын санал нэмэгдэж тооцогдох аж.
Дахин санал хураалт энэ сарын 29-нд болно
 
Нэр дэвшигчдийн санал давхацсан тохиолдол цөөнгүй гарчээ. Нийт 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал давхцсан бөгөөд ийм тохиолдолд хуулиар дахин санал хураалт явуулах шаардлагатай юм байна. Тиймээс 10 дугаар сарын 29-нд дээрх 117 нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулахаар товложээ. Ингэхдээ дээрх 117 нэр дэвшигчийн нэрийг бичсэн саналын хуудсыг дахин хэвлэх юм.
 
Харин дахин санал хураалтад биеэр санал өгсөн ч оролцох ёстой юм. Өөрөөр хэлбэл өчигдөр бүх нийтийн санал хураалтад оролцсон ч тойрогт нь нэр дэвшигчийн санал давхацсан бол дахин саналаа өгөх аж.
 
Дахин санал хураалт явуулах аймгуудын хувьд:
Архангай – 2 хэсэг
Баян-Өлгий – 2 хэсэг
Баянхонгор – 3 хэсэг
Булган – 4 хэсэг
Говь-Алтай – 3 хэсэг
Говьсүмбэр – 1 хэсэг
Дорноговь – 2 хэсэг
Дорнод - 4 хэсэг
Дундговь – 1 хэсэг
Завхан – 3 хэсэг
Өвөрхангай – 2 хэсэг
Өмнөговь – 1 хэсэг
Сүхбаатар – 2 хэсэг
Сэлэнгэ - 3 хэсэг
Төв – 6 хэсэг
Увс – 4 хэсэг
Ховд – 3 хэсэг
Хөвсгөл – 3 хэсэг
Хэнтий – 3 хэсэг
 
Нийтдээ 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулах боллоо. Нийслэлд харин дахин санал хураалт явуулах тойрог байхгүй юм. Дахин санал хураалт явуулахад мөн ирцийн босго тавихгүй бөгөөд хамгийн олон санал авсан нь ялалт байгуулах аж.
 
Түүнчлэн нэмэлт болон дахин санал хураалтын үед сонгогчдын нэрийн жагсаалтад ямар нэг өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн оруулахгүй юм байна. Харин сонгогчдын нэрийн жагсаалт нь зарчмын хувьд өөр байх аж. Дахин санал хураалтад тухайн тойргийн сонгогчдын нэрс гаргах бол Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэдийн нэрийн жагсаалтыг гаргаж, оролцуулах юм. Түүнчлэн бүх тойргуудын ялагчдыг энэ ням гарагт эцэслэн зарлах юм байна.
 
Ирц сонгуулиас сонгуульд муудаж байсан
 
Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад улсаас нийт 13.9 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч иргэдийн ирц тун хангалтгүй байснаас дахин хөрөнгө төсөв гаргах шаардлагатай болж байна. Иргэдийн ирц муу байсанд Сонгуулийн хороодыг буруутгаж байгаа бөгөөд үүнд СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мөн хариулт хэлж байв. Тэрбээр “Ирц сонгуулиас сонгуульд муудаж, буурч байсан, 2008 онд НИТХ-ын сонгууль бүхэлдээ хүчингүй болж дахин санал хураалт явуулсан бол 2012 онд 21 аймгийн 19, есөн дүүргийн 6-д нь ирц хүрээгүйгээс нэмэлт санал хураалт явагдаж байсан. Бид үүнийг сануулсан.
 
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай сурталчилгаа хийсэн. Сонгуульдаа оролцоогүй бол торгодог баривчилдаг арга хэмжээний тухай өчигдөр телевизээр гарч байсан. Урамшууллын арга хэлбэрийн талаар бид Сонгуулийн хуульд тусгуулахаар бичгээр санал өгсөн ч хүлээж аваагүй. Одоо энэ саналаа дахиад тавина" гэсэн юм.
 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал