sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.10.20/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Су Нюнт-У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Доктор Су Нюнт-У Байнгын хорооны даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад вируст гепатит өвчлөлийн байдал, түүнийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн юм. Тэрээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийтээрээ хамтран ажиллах нь чухал юм. Үүнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх мөн Боловсролын яамтай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэлээ.
 
Түүнчлэн тус байгууллагаас гаргасан судалгааны дүнд сүүлийн 2-3 жилийн хугацаанд гепатит B вирусын өвчлөл багассан. Мөн гепатит С вирусын тархлалтыг Монгол Улсад 2026 он гэхэд таслан зогсоох бүрэн боломжтойг судалгаагаар харуулж байна гэлээ.
 
 
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурал Засгийн газраас хэрэгжүүлэх ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө баталсан. Үүнд эрүүл мэндийн салбарт томоохон зорилтууд тавин ажиллаж байгаа. Тухайлбал, иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, тухайн салбарт тусгах санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх мөн “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөр.
 
Эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх мөн эрүүл мэндийн салбарт ахиц гаргахад Улсын Их Хурлаас эрх зүйн хувьд хэд хэдэн чухал хууль батлан гаргасан. Үүнд Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлэгийн  тусламж, үйлчилгээний тухай хуулийг дурдаж болно гэлээ.
 
 
Уулзалтын төгсгөлд ноён Су Нюнт-У Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейтай хамтран Ази, Номхон Далайн Парламентын гишүүдийн ээлжит Форумыг БНСУ-ын Сеүл хотноо 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буйг дуулгаж, тус арга хэмжээнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг оролцохыг урьсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.