sonin.mn
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчний дэгдэлт ямар байгаа  талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэлээс торуулав.
 
Тэрбээр хэлэхдээ, “Манай улсад хавар намар, өвлийн улирал эхлэхэд томуу томуу төст өвчин ихэсдэг.  Томуу, томуу төст өвчнийг 7 хоног бүр харуулдан танддаг цэгүүд бий. Харуулдан тандалтаар томуугийн өвчлөл харьцангуй бага байна.
 
Сүүлийн 3-4 долоо хоногийн шинжилгээгээр томуу томуу төст өвчин буюу реновирус давамгайлан илэрсэн. Энэ нь ханиад шуухитнаа гэж нэрлэдэг хамар битүүрэх, халуурах, суулгах зэрэг зовиур илэрдэг томуу төст өвчин юм. Харин улирлын чанартай дэгдэлт одоохондоо гараагүй байна.
 
Томуу, томуу төст өвчин нь вирусын гаралтай, амьсгалын дээд зам, хамар залгиурыг үрэвслүүлэх, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Иймээс иргэд биеийн эсэргүүцлээ сайжруулах, амин дэмтэй хоол идэх, агаар салхинд гарах, сонгино сармис, цагаан гаа хэрэглэх, зөгийн балтай халуун сүү уух хэрэгтэй.
 
Хэрэв эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ дулаан хувцаслаж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүйгээр гэрийн дэглэм барих хэрэгтэй. Гэртээ 3-5 хоног хүүхдийг асарч сувилахад энэ өвчин амархан илааршдаг. Өвчилсөн хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй. Яаран антибиотик хэрэглэхгүйгээр ердийн эмчилгээ хийхийг зөвлөж байна.
 
Харин улаанбурхан өвчин 2015 оны 5 сар, 2016 оны 2 сард гэсэн хоёр давалгаатай гарсан. Одоогийн байдлаар улаанбурхан өвчин харьцангуй намжмал байдалд байна.  Товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд болон шинээр 6 сартай хүүхдийг улаан бурханы вакцинаар дархлаажуулах, А амин дэм уулгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
 
Одоогоор ХӨСҮТ-д улаанбурхан өвчний онош батлагдсан тохиолдол алга байна. Долоо хоногт улаанбурханы сэжигтэй 10-15 тохиолдол илэрч байна.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг