sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Энэ үеэр Монголбанк бие даасан байдлаар үйл ажиллагаа, хяналт шалгалтаа явуулж чадаж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн С.Чинзориг асуухад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Эдийн засгийн хүндрэл үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол Сангийн яам, Монголбанк, СЗХ зэрэг байгууллага мэргэжлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Цаашид Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд хууль эрх зүйн орчныг өөрчлөх хүрээнд хуулийн төслийг боловсруулж байна" гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлснээр арилжааны банкууд зээл олголтоо бууруулж, энэ нь цаашлаад улс орны санхүүгийн эргэлтийг саармагжуулдаг сөрөг нөлөөтэй болохыг сануулаад, үндсэн чиглэлд мөнгөний бодлогын хүүг бууруулах ямар зорилт тусгасан талаар асуусан. 
Н.Баяртсайхан, "ОУВС-ийн аргачлалаар аливаа улсын валютын сангийн нөөц хамгийн багадаа гурван сарын импорттой тэнцэх хэмжээтэй байх ёстой байдаг бол манай улсын валютын нөөц 3.1 сарын импорттой тэнцэх хэмжээтэй байгаа.
 
Өмнө нь төгрөг, валютын ханшийг зохицуулахдаа Монголбанкнаас интервенцийн аргыг ашиглаж, 2012-2016 оны хугацаанд нийтдээ 6 тэрбум ам.долларын интервенци хийсэн байна. Энэ нь Монголбанкны валютын нөөцийг маш их хэмжээгээр бууруулсан, цаашид ийм бололцоо байхгүй учраас валютын нөөцөө хамгаалах үүднээс бодлогын хүүг 10.5-аас 4.5 пунктээр нэмэгдүүлэн 15 болгосон. Үүний үр дүнд валютын нөөцийг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд тогтмол хэмжээнд барьж байгаа үр дүн гарсан. Гэхдээ мөнгөний бодлогын хүүг энэ хэмжээгээр удаан барих нь эрсдэлтэй" гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч саналаа хэлсний дараа санал хураахад  олонх дэмжив.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг